УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран энэ сарын 17-нд орон даяар зохион байгуулахаар төлөвлөөд байсан “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал 7 хоног хойшилжээ.
Энэ талаар өнөөдөр дээрх нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын дарга М.Энхболдыг төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар санхүүжилт босгох тухай “60 тэрбумын хэрэг”-т нэр холбогдсоны төлөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаалыг өнгөрсөн сарын 27, энэ сарын 10-нд зохион байгуулсан. Энэхүү тэмцэл үр дүнгээ өгч, УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн пүрэв гарагт болох чуулганы нэгдсэн хуралдаанаар батлахаар болсныг Т.Аюурсайхан гишүүн хэллээ.
Тэрбээр, “Энэ сарын 10-нд болсон жагсаалын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) хуралдаж, тус хуулийг батлах чиглэлийг УИХ-д хүргүүлсэн. ҮАБЗ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төрийн дээд байгууллага холбогдох шийдвэр гарган, зохих журмаар хэрэгжүүлнэ” гэж тодорхой зааж өгсөн. Энэ хүрээнд УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх зохицуулалтыг тусгасан дээрх хоёр хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх юм” гэлээ.
Хуулийг баталсны дараа нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна. Хэрэв уг тогтоолыг нэн даруй батлахгүй бол дараагийн жагсаалыг энэ сарын 24-нд зохион байгуулна гэдгийг Ж.Батзандан гишүүн онцлов. Мөн иргэний нийгмийн байгууллагууд дараагийн жагсаалыг Их тэнгэрийн аманд зохион байгуулах санал ирүүлснийг цохон тэмдэглэсэн юм.
Мөн дээрх гишүүдийн зүгээс УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсны дараа концесс, ЖДҮХС-гийн зээл зэрэг томоохон хэргүүдийг хуулийн дагуу шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.