Categories
мэдээ нийгэм

Манай улсад коронавирусийн 17 дахь тохиолдол бүртгэгдлээ

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д өчигдөр тусгаарлагдсан 20 хүний нэгнээс COVID-19 илэрлээ. Ингээд Монгол Улсад албан ёсоор батлагдсан тохиолдол 17 боллоо. Үүнээс дөрвөн хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 13 хүнд лабораторийн эмчилгээ хийгдэж байна” гэлээ.

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа Туркийн иргэнийг эмнэлгээс гаргасан гэх мэдээлэл тархсан. Энэхүү мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас үгүйсгэж, буруу ташаа мэдээллийг гаргаж ард түмний дархлааг сулруулж, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг харлуулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүслээ.

ОХУ-д өвчлөл эрчтэй нэмэшдэж өнгөрсөн амралтын өдрөөр 2686 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар хойд хөршид COVID-19 халдварын улмаас 24 хүн нас бараад байна. Испани улсад халдвар дөрөв дахин, Франц улсад тав дахин нэмэгджээ. Итали, Испани, Герман, Франц зэрэг өвчлөл өндөр байсан оронд өнгөрсөн долоо хоногт халдвар буурах хандлага ажиглагдаж, тогтворжих хандлагатай байна гэж ДЭМБ-аас мэдээллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Испани улсад 619 нас баралт бүртгэгдсэн байна. Турк улсад халдвар эрчимтэй тархаж шинэ тохиолдол 4789-өөр нэмэгджээ. Япон улсын Токио хотод өнгөрсөн ням гарагт 166 шинэ тохиолдол бүртгэгдэв. Улмаар улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 7400-д хүрчээ. БНСУ-д халдвар авч эдгэрсэн гэж үзсэн нийт 111 хүнд халдвар дахин илэрсэн байна.

ДЭМБ-аас гурван вакциныг турших эмнэлзүйн шат буюу хүний бие дээр турших үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн БНХАУ-ын эрдэмтэд COVID-19 халдвар нь агаар дуслын замаар дөрвөн метрийн зайд халдах магадлалтай байгааг анхааруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *