Монгол Улс, Япон улс хоорондын Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын VIII зөвлөлдөх уулзалт, үзэсгэлэн энэ сарын 4-5-ны өдрүүдэд тохиож байна. Энэ үзэсгэлэнг Японы эдийн засаг үйлдвэрлэлийн яам, Жетро, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Монголын талаас Гадаад хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, танхимийн дэргэдэх Япон, Монгол зөвлөл хамтран зохион байгуулж байгаа аж. Хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр хэрэгжиж эхэлсний нэг жилийн ойн хүрээнд явагдаж байгаа энэхүү уулзалт, үзэсгэлэнд Япон улсын талаас 60 төлөөлөгч, манай улсаас 130 орчим бизнес эрхлэгч оролцож байгаагаараа онцлог. Өөрөөр хэлбэл хоёр улсын хооронд томоохон бизнес уулзалт болсон юм. Мөн үзэсгэлэнд 45 байгууллага өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ Японы түншүүдэд танилцуулж байгаа бөгөөд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш 40 гаруй байгууллагын бараа бүтээгдэхүүн Японы зах зээлд нэвтэржээ. Эдгээр бараа бүтээгдэхүүний үнийн дүнг тооцож үзвэл 10 гаруй сая долларын өртөг гарсан хэмээн эдийн засагчид хэлж байв.
Б.ОДГЭРЭЛ
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН