Categories
мэдээ нийгэм

Манай улс өрсөлдөх чадвараар 102 дугаар байрт жагсчээ

“Дэлхийн эдийн засгийн форум” ашгийн бус сангаас жил бүр гаргадаг судалгаагаар Монгол Улсын өрсөлдөх чадварт ахиц гараагүйг тодотгожээ. Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны 2016-2017 оны тайланг өнөөдөр Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам танилцуулав. Манай улс өрсөлдөх чадвараар 3.8 оноо авч, 138 орноос 102 дугаарт жагссан байна. Өнгөрсөн жилийн судалгаагаар Монгол Улс өрсөлдөх чадвараараа 104 дүгээрт эрэмбэлэгдсэн юм.

Нээлттэй нийгэм форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам ярихдаа, “Монгол Улс сүүлийн гурван жил өрсөлдөх чадвараараа 3.8 оноо авчээ. Эл судалгаанд манай улс хамрагдаад 12 жил болж буй. Энэ хугацаанд 3.2-3.9 хүртэл оноо авсан байдаг. Судалгааны хамгийн өндөр оноо нь 7 байдаг. “Өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур үзүүлэлтээс Монгол Улс 4 үзүүлэлтээр бага зэрэг ахисан байна. Тухайлбал өмнөх онтой харьцуулбал Макро эдийн засгийн тогтвортой байдлын түвшин 0.4- оноогоор, Санхүүгийн зах зээлийн хөгжил, Технологийн бэлэн байдал, Дээд боловсрол ба мэргэжлийн сургалт тус бүр 1 оноогоор өслөө. Ийнхүү макро эдийн засгийн орчны түвшин өсөхөд инфляцийн бууралт голлох нөлөө үзүүлсэн байна” гэв.

“Дэлхийн өрсөлдөх чадварын итгэлцүүр-2016” тайланд Монгол Улс 138 орноос 102 дугаар байрт жагсчээ. Тус сан дэд бүтэц, эрүүл мэнд ба боловсрол, зах зээлийн хэмжээ, макро эдийн засгийн орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд тулгуурлан өрсөлдөх чадвараар нь эрэмбэлдэг аж.

Харин Швейцарь улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн бол Сингапур хоёр, АНУ гуравт жагсчээ. Швейцарь улс өрсөлдөх чадвараараа дэлхийд 8 жил дараалан тэргүүлж байгаа бөгөөд БНХАУ 28 дугаарт, ОХУ 45 дугаарт тус тус жагссан байна. Хамгийн сүүлийн байрт Мавритани, Чад болон Гивиней оржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *