Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурал Вашингтон хотод болсон юм. Энэхүү хурлаар Монгол Улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах эсэх талаар хэлэлцэж шийдвэр гаргажээ.
Энэ талаар ОУВС-гийн албан ёсны вэб сайтад мэдээлснээр Монголд гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас 434.3 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл өгөхөөр шийдвэрлэжээ. Мөн хандивлагчид болох Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, Солонгос, БНХАУ-ын тусламжаар нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэж байгаа тухай мэдээлсэн байна.
Засгийн газраас өнгөрсөн жилээс эхлэн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар хөөцөлдөж эхэлсэн билээ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсонтой холбоотойгоор өнөөдөр 14:00 цагаас Сангийн яам, ОУВС-гийн суурин төлөөлөгч хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулагдана.