Манай улс энэ оны эхний 10 сард дэлхийн 157 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6494.6 сая америк доллар, үүнээс экспорт 3726.2 сая америк доллар, импорт 2768.4 сая америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 595.8 (8.4%) сая америк доллар, үүнээс экспорт 200.5 (5.1%) сая америк доллар, импорт 395.3 (12.5%) сая ам.доллараар буурчээ.
Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний 10 сард 762.9 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2016 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 194.8 сая америк доллараар нэмэгдэж, 957.7 сая америк долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 10 дугаар сард 72.9 сая америк долларын ашигтай гарсан нь өмнөх сараас 8.1 сая (12.2%) америк доллараар нэмэгдсэн байна.
Экспорт өмнөх оны мөн үеэс 200.5 (5.1%) сая америк доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 354.8 сая америк доллар, үүнээс зэсийн баяжмал 495.2 сая америк доллар, боловсруулаагүй нефть 57.6 сая америк доллараар, нэхмэл, нэхмэл бүтээгдэхүүн 11.5 сая америк доллараар буурсан нь голлон нөлөөлсөн хэдий ч үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийн экспорт 90.5 сая америк доллар, нүүрсний экспорт 141.1 сая америк доллараар өссөн байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 395.3 (12.5%) сая америк доллараар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 224.8 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 127.9 сая америк доллар, автобензин 80.3 сая америк доллараар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 149.4 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 70.3 сая америк доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.