Манай улс Чех улс руу энэ оны эхний 10 сарын байдлаар 19.42 мянган ам.долларын сүлжмэл, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортолжээ.
Харин импортоор 3.2 сая ам.долларын тээврийн хэрэгсэл, сэлбэг, эд анги, том оврын автомашин, цахилгаан бараа, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн авсан байна.
Энэ талаар МҮХАҮТ-д болсон Монгол-Чехийн бизнес уулзалтын үеэр мэдээллээ. Уулзалтаар хоёр тал цаашид худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлж өргөжүүлэхээ илэрхийлсэн юм.Ингэснээр хоёр орны бизнес эрхлэгч нарт хамтын ажиллагааны боломжийг нээж өгнө гэдгийг тодотголоо.
Бизнес уулзалтыг хоёр орны хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Чех улсын ЭСЯ, МҮХАҮТ, Чехийн Эдийн засгийн танхим хамтран зохион байгуулсан юм.
БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, Монгол, Чех улс найрсаг, хамтын ажиллагаатай орон гэдгийг тодотгож, худалдаа, тээвэр логистик зэрэг эдийн засгийн хамтын ажиллагаа ямар нэгэн саад тотгор, асуудалгүй үргэлжилж байгааг тэмдэглэсэн юм. Тэгвэл БНЧУ-ын Үйлдвэр худалдааны яамны Ашигт малтмалын бодлогын хэлтсийн дарга Ярослав Райф Монгол Улстай олон талаар хамтран ажиллах боломжтойг дурдав. Тухайлбал түүхий эдийг олборлох, боловсруулах, нөхөн сэргээлтэд Чехийн өндөр технологиудыг ашиглах боломжтойг онцоллоо.
Бизнес уулзалтад Чехийн талаас эмнэлгийн тоног төхөөрөмж, тээвэр логистик, химийн салбар, архитектор зураг төсөл, нийтийн тээврийн хэрэгсэл, нислэгийн системийн хөдөлгөөний хяналтын системийн үйлдвэрлэгч, барилга бүтээн байгуулалтын төслийн зөвлөх үйлчилгээ, аялал жуулчлал, хүний нөөц, экспортын даатгал зэрэг салбарын 10 аж ахуй нэгж, Монголын талаас 30 гаруй бизнес эрхлэгч оролцсон юм.