Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, (ДБНХ /UWW) өнгөрсөн долоо хоногт Бишкект болсон Ази тивийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргаснаар манай таван бөх нэгдүгээрт бичигдлээ.
Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй долоо, эмэгтэй найман бөх багтжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах 32 оноотой, 74 кг-д Ганзоригийн Мандахнаран 32 оноо, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох 27 оноо, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 35 оноотой жин тус бүртээ чансааг тэргүүлсэн байна.
Мөн 86 кг-д “Бишкек-2018” Ази тивийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Оргодолын Үйтүмэн 22 оноотой гурав, 79 кг-д Азийн АШТ-д хүрэл медаль хүртсэн Ганболдын Төрболд 20 оноотой тавдугаар байрт бичигджээ.
Харин эмэгтэйчүүдийн 62 кг-д энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой дэлхийн чансааг тэргүүлж байгаа бол 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл 20 оноотой тав, 53 кг-д Э.Сумъяа 20 оноотой хоёр, 55 кг-д Э.Даваачимэг 17 оноотой гурав, 57 кг-д А.Батцэцэг 18 оноотой дөрөв, 59 кг-д Б.Шоовдор 18 оноотой дөрөв, 68 кг-д Ш.Түмэнцэцэг 19 оноотой гурав, 72 кг-д О.Насанбурмаа 16 оноотой дэлхийн чансааны гуравдугаар байрт тус тус бичигджээ.
Эрэгтэйчүүдийн чансааг гаргахдаа Красноярскийн “Алтан Гран при”, АТАШТ болон Африк тивийн АШТ-ийг оролцуулжээ. Харин эмэгтэйчүүдийн чансааг насанд хүрэгчдийн АТАШТ болон Шведэд болсон “Клиппан Опен” эмэгтэйчүүдийн ОУТ-ий амжилтыг тооцон гаргасан байна. Эмэгтэйчүүдийн 10 жингийн зургаад нь БНХАУ-ын бөхчүүд тэргүүлжээ. Бусад жинд П.Орхоноос гадна Японы Саки Игараши, БНАСАУ-ын Пак Ён Ми, Финландын Петра Олли нар чансааг тэргүүлж байна.