Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай жүдочдод Риогийн олимп аймаар байх болов уу?

“Астана-2015” жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэлд болж өнгөрлөө. Энэ тэмцээнээс манайхан гурван хүрэл медаль авсан. Мөн эрэгтэй шигшээгийнхэн багийн төрөлд гуравдугаар байр эзэлж шагналын тавцанд зогслоо. Жүдочдын энэхүү амжилтыг түүхэнд байгаагүй гэж өндрөөр үнэлэн шуугиж байгаа. Өнгөц харахад улсынхаа төрийн далбааг Астанагийн тэнгэрт гурвантаа мандуулж сайн оролцсон байна. Гэхдээ яг энэ байдлаараа “Рио де Жанейро-2016” олимпийн наадамд оролцоход бэлэн үү. Амжилт гаргаж, төрийн дууллаа эгшиглүүлж чадах уу.

Энэ удаагийн ДАШТ-ий үеэр нэг зүйл маш тод анзаарагдсан. Юу вэ гэвэл манай тамирчдын нас аргагүй хөгшдөж байна. -100 кг-ын жинд зодоглосон олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын өрсөлдөгч нар өөрөөс нь даруй арван насаар дүү байна лээ. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд учраа таарсан Германы жүдоч л гэхэд 1991 оны “хүүхэд” байв. Манай аваргаас долоон насаар дүү гэсэн үг. Энэ хоёр ана мана үзэлцсэн, татами дээрх тэмцэл ямар байх ёстойг харуулж байсан. Үндсэн цагт ингэж тэнцүүхэн өрсөлдөөд нэмэлт цаг сунгахад Н.Түвшинбаяр ядарч байна лээ. Манай аваргын ядарсан үеийн хурд, самбаа, тэсвэр тэвчээр өөрөөсөө долоо дүү бөхийг гүйцсэнгүй. Энд яалт ч үгүй насны юм яваад байна. Түүнээс биш манай бөх туршлага, авьяас, чадвараараа дутсангүй. ДАШТ-д оролцсон манай улсын шигшээ багийн хамгийн ахмад нь 1984 оных бол залуу нь 1996 оны тамирчин байлаа. Гол найдвар болж улсынхаа нэрийг тахалдаг бөхчүүд дандаа 1984, 1985 оныхон. Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, М.Бундмаа, Г.Болдбаатар гээд ихэнх нь 1980-аад онд төрсөн. Гэтэл бусад улсын шигшээ багийн тамирчдын хамгийн ахмад нь 1991 оных байна. Ид насан дээрээ яваа шижигнэсэн залуусыг харьж яваа манай бөхчүүд гүйцэхгүй юм биш үү. Мэх, туршлага, авьяас чадвараараа дутаагүй ч үнэндээ тэдний хурдад дийлдсэн. Энгийнээр бодоход ижилхэн бэлтгэл хийсэн 35 болон 25 настай бөхчүүдийг хооронд нь барилдуулахад залуу нь илүү байна гэдэг ойлгомжтой. Манай улсын хамгийн залууд тооцогдож байгаа Ц.Цогтбаатар 19 настай байгаа нь дэлхийд бараг л хөгшдөх гээд байна. Хөгшиддөггүй юм аа гэхэд залууд лав тооцогдохгүй. Үүний зэрэгцээ олон жил жүдогийн дэвжээн дээр барилдаж буй хэдэн аварга маань дэлхийд бүрэн судлагдчихжээ. Х.Цагаанбаатарыг нэг бол өмсөнө, эсвэл хонгодно гэдгийг өрсөлдөгч нь мэдээд байна. Н.Түвшинбаярыг үүрэх үед юу хийх вэ гэдгээ урьдчилан бэлдчихээд хүрч ирдэг. Ямар сайндаа саяны ДАШТ-ий үеэр монгол бөхчүүдийнхээ барилдааныг хамт үзэж суусан хүн “-100 кг-ын гадны бөхчүүд Н.Түвшинбаяр аваргыг ямар мэх хийх вэ, яаж барилдах вэ гэдгийг О.Балжиннямаас илүү мэдээд, мэдрээд байна” гэж бухимдах вэ дээ. Нэр дурьдаад, төрсөн оныг нь бичээд байгаа дээрх бөхчүүд бол жүдогийн алтан үеийн тамирчид мөн. Жүдогийн татами дээр олон жил ноцолдож яваа тэд одоо тамирчдаа дасгалжуулдаг болмоор байна. Арвин их туршлагадаа тулгуурлан дараагийн үеэ бэлдэж гаргаж ирэх зайлшгүй хэрэгтэй. Тэгэхгүй бол жүдод дараагийн үе гэж байхгүй болчихлоо. Ялангуяа хүнд жингүүдэд. 81, 90, -100, +100 кг-ын жинд барилдах бөхгүй болчихоод байна. Тэднийг нэн даруй бэлтгэж эхлэхгүй бол Риогийн олимпод оролцох тамирчингүй болох нь. Бас нэг зүйл байгаа нь манай дасгалжуулагч нар. О.Балжинням аварга жүдочоо татами дээр гаргасан хойноо юу ч зааж өгөхгүй юм. Дэмий харж суухаас өөр нэмэргүй харагдах юм. Эсвэл яаж ч ориллоо гээд өнөөдүүл нь сонсдоггүй юм болов уу. “Хөөш наадах чинь чамайг үүрэх гээд байна, ханцуйны барьцаа тавь” гээд хашгирч болдоггүй юм уу. Ш.Цэвэлмаа дасгалжуулагч бас л олигтой зөвлөхгүй. Бүр багийн аваргын төлөөх барилдааны үеэр “Яанаа, би харж чадахгүй нь ээ” гэж аальгүйтэн нүүрээ дарж байгаа нь зурагтаар гарсан. Ямар гэртээ суугаад монгол бөхчүүдээ дэмжиж байгаа би биш. Их спортод ялж, ялагдахын амтыг яс махандаа шингэтэл мэдэрсэн хүн ингээд сууж байж болох уу. Тэдэнтэй харьцуулахаад гадны дасгалжуулагч нарыг харъя. Ёстой нэг ааг амьсгаагүй орилно. Амаа хаттал, хөлсөө цувтал тамирчнаа дасгалжуулж байна. Үгүй дээ л хором бүрт дасгалжуулагч нь орилоод байхаар дэвжээн дээр хамт байгаа мэт санагддаг байлгүй. Багшийнхаа зөвлөгөөг сонсоод зориг орж, мэхээ даацтай хийдэг байх гэж бодогдох юм. Дээрээс нь гайгүй сайн дасгалжуулагч нараа Өмнөд Монголд алдчихлаа. Монголын жүдог өдий зэрэгтэй болгосон ардын багш Ч.Насантогтох, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар нар өмнөд монголчуудыг бэлтгэж байна. Ч.Насантогтох багшийн үед Монголын жүдочид олимпийн наадамд аваргалж байлаа. Яаж бэлтгэвэл олимпоос медаль авах вэ гэдэг арга замыг Ч.Насантогтох тэргүүтэй багш, дасгалжуулагчид боловсруулж байсан. Өдгөө тийм хэмжээний бэлтгэлийг өмнөд хөршийнхөн маань хийж байна. Үр дүнгээ ч хараад эхэлчихлээ. “Чингис хаан-2015“ гран при тэмцээний үеэр Өмнөд Монголын жүдоч Сайнжаргал гэх залуу 73 кг-д барилдаад С.Ням-Очир тэргүүтэй бөхчүүдийг нутгийн дэвжээн дээр нь ялж алтан медаль авсан. Түүний дасгалжуулагч нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар байв. Х.Болдбаатар Хөх хотод очоод нэг жил, Ч.Насантогтох багш гурван жил болж байгаа. Тэд Риогийн олимпоос медаль хүлээж байгаа нь гарцаагүй. Тэгэхээр манай тамирчид өмнөхөөсөө хэд дахин илүү эрчимжүүлсэн бэлтгэл хийж байж олимпийн наадам гэж ярих цагтай нүүр тулж ирээд байна.

Мөн манай жүдочдын тэмцэлдэх чадвар асар сул байна. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргуудыг харчих. Г.Болдбаатар өрсөлдөгчийнхөө өөдөөс ямар ч мэх хийхгүй юм. Ёстой нэг гүлдийж байгаад ялагдах жишээтэй. М.Уранцэцэг байна. Юу ч хийлгүй, ямар ч тэмцэл гаргалгүйгээр цэвэр тавиулаад байсан. Тэд ана мана, гал гарсан барилдаан яагаад хийхгүй байна вэ. Сэтгэлзүйдээ байдаг юм уу, эсвэл жин хасаж өлсөөд сэнсэрчихсэн очдог юм уу. Бүр нэг гуринхалсан “амьтад” л ноолуулаад байх юм. Улсын наадмын үеэр эцсэн морийг бишгүйдээ харж байлаа. Нүд нь шил шиг гөлийсөн байдаг. Ямар ч галгүй болчихсон ирдэг. Яг тийм нүд гаргачихаад “амьтны” дор ороод гүлдийгээд хэвтээд байна лээ. Бөхчүүд яагаад иймэрхүү барилдаж байгааг жүдогийнхон хоорондоо ярьдаг уу. Бидэнд өшөө илүү амжилт үзүүлэх арга зам юу байна гэж боддог уу. Жүдогийн холбооны ах дүүсэг, гэр бүлсэг, хамт олонсог, нутгархаг нь хэрээс хэтэрсэн юм биш үү. С.Ням-Очир л гэхэд хүрэл медалийн болзол хангачихаад дасгалжуулагчийнхаа өмнө сунаж мөргөөд байсан. Амьд бурхан өмнө нь зогсож байгаа аятай харагдаж байна лээ. Энэ хэрээс хэтэрсэн нялуун үйлдэл. Иймэрхүү маягаар явбал бид Риогийн олимпоос медаль горьдож суух хэрэг байгаа юм уу. Нутагтаа үлдэж захыг нь мушгин зурагтаа ширтэж суугаа бид тэмцэлдсэн, тулалдсан, гал гарсан барилдаан та нараас хармаар байх юм. Гэтэл өөгшүүлж, эвийлсээр байгаад эрхийн балай хүүхэд шиг болгочихож. Ялагдаад ирж байхад нь сайн барилдсан шүү гэх нялуун үг хэлж хөөрөгдөөд байх юм. Ялангуяа зурагтын тайлбарлагч нар. Яалт ч үгүй ялагдаад байхад ялах байлаа, сайн байлаа, шүүгчийн алдаа гэхчилэн эрээ цээргүй өмөөрнө. Дэлхийн аваргын тэмцээнийг шүүж байгаа хүмүүс та нараас л дор байв гэж. Гарцаагүй ялагдчихаад байхад л манай бөх сайн байлаа гэхийн оронд муу барилдлаа гээд хэлэх зүрх алга уу. Ямар ч идэвхгүй барилдаж оноогоор ялагдсан бөхчүүдээ сайн байлаа гэж ам хуурайгүй ярих нь буруу үйлдэл хийсэн хүүхдээ өмөөрч байгаа эцэг эх шиг санагдана. Угтаа бол үнэнийг хэлж баймаар байна. Энэ бүхэн хэнд хэрэгтэй вэ гэвэл бөхчүүдийнхээ мууг үзэхдээ огт биш юм. Бидний дараагийн тэмцээнд хэрэгтэй. Дараа дахиад дэлхийн татами дээр гарахдаа амьтанд ноолуулсан, шоргоолжинд бариулж буй голио шиг гүлдийсэн тамирчдаа харж, өр өмөрч суумааргүй байна. Яаж ч ялагдсан ядаж л эцсээ хүртэл тэмцэлдсэн Н.Түвшинбаяр аварга шиг дайчин бөхийг харъя. Бид ноолуулдаг ард түмэн биш. Дэлхийд данстай, дээрээ тэнгэртэй ард түмэн юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *