Categories
мэдээ спорт

Манай гурван боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Өнгөрөгч наймдугаар сарын 26-ны өдөр эхэлсэн Азийн аваргад 32 орны 231 боксчин тулалдаж байгаагаас өнөөдөр мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаан болох гэж байна. Энэ өдөр хүрэл медалийн болзол хангасан манай гурван боксчин болох 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар мөнгөн медалийн төлөө тоглох бөгөөд Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлнэ. 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Филиппиний Ладон Роган, 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай Узбекстаны тамирчин Авдураймов, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат Казахстаны тамирчин Дэлхийн аварга Данияартай тулалдана.

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний гол онцлог нь ирэх аравдугаар сард Катар улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг анх удаа энэхүү тэмцээний жин тус бурийн эхний 7 байрт шалгарсан тамирчидад олгохоор болсон юм. Манай 9 боксчин Тайландыг зорьсноос 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Э.Идэрхүү, 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар шөвгийн наймд үлдэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ авлаа. Тэднээс Э.Идэрхүү Казахстаны К.Ералиевтай хүрлийн төлөө тоглосон ч хожигдсон бол бусад нь учраагаа хожиж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгараад байна. Манай бусад боксчин А.Нурлан (52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр (75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр (91 кг) нар тэмцээнээ өндөрлүүлсэн.

Э.Анхбаяр

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *