ОХУ Украин руу довтолсноос хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч энэ дайн одоо хүртэл үргэлжилсээр л байна. ОХУ Украиныг өөрийнхөөрөө байх гэлээ гэж энэ дайныг эхлүүлсэн. Украин уг нь цөмийн зэвсэгтэй, захын нэг улсад дээрэлхүүлэхээргүй л улс байлаа. Гэвч Зөвлөлт холбоот улс задарсны дараа буюу 1994 онд дэлхийн улс орнууд цөмийн зэвсгээсээ татгалзахыг уриалж оронд нь аюулгүй байдлыг нь хамгаалах үүрэг хүлээсэн түүхтэй. Энэхүү үүргээ 1994 онд Будапештын Меморандумд баталгаажуулж гарын үсэг зурсан юм. Уг гэрээ хэлэлцээрт дуусах хугацаа гэж байхгүй. Гэтэл өнөөдөр Украин улсын өмнө ийм үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ санаж байгаа улс орон алга. Дэлхийн улс орнууд 30 жил ч хүрэхгүй хугацааны өмнө өгсөн энэ амлалтаа аль хэдийнэ мартсан бололтой. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский “Өнөөдөр бидэнд цөмийн зэвсэг нь ч алга, аюулгүй байдал нь ч алга. Бид Швейцарь, Нидерланд, Бельги улсуудаас ч том газар нутгаа алдаад байна. Хамгийн гол нь бид олон сая иргэнээ алдлаа. Гэвч бүх амлалт хоосон зүйл байлаа” хэмээн гомдоллож байна. Түүний хэлж байгаа үнэн. Хэцүү цаг үед нь дэлхийн зарим улс орон Украинаас нүүр буруулж эхэллээ. Тухайн улс онуудын тоонд манай улс ч орно. Монгол Улс дайныг эсэргүүцсэн НҮБ-ын санал хураалтад хоёронтоо түдгэлзсэн санал өгөөд байна. Өнгөрсөн баасан гаригийн шөнө НҮБ-ын хуралдаан болоход мөн л түдгэлзсэн санал өглөө. Манай улс жижигхэн. Хэзээ нэг цагт Украины зовлонг аль нэг хөршөөсөө амсахыг үгүйсгэхгүй гэдгээ бодсон ч дайныг эсэргүүцэх ёстой баймаар. Гэтэл түдгэлзсэн байр суурийг удаа дараа гаргаж байхыг харахад манай эрх баригчид болон эрх барьж байгаа нам ОХУ-ын эрх баригчдад барьцаалагдсан юм биш биз гэж хардахаар байна. Энэ талаар улс төрийн намууд, УИХ дахь сөрөг хүчний гишүүд судалж үзээд ард түмэндээ үнэнийг хэлэх хэрэгтэй байна.
Нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ “В.Путины дэглэм гадаадын улс төрийн намуудад асар их мөнгө амаар нь гартал өгч өөрийгөө дэмжүүлдэг” гэж бичсэн байна лээ. Монгол төрийг харахаар энэ нь үнэн бөгөөд тэр их мөнгөнөөс нь авчихсан юм болов уу гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна. Хамгийн наад зах нь ОХУ-аас авч буй шатахуун, цахилгаанаа таслуулчихвал улс төрөөс арчигдана гэж эрх баригчид айж байгаа. Хэрэв ийм зүйл боллоо гэхэд одоогийн эрх баригчид өмнөх хоёр сонгууль шиг үнэмлэхүй ялалт байгуулах нь үлгэр болж дахин засгийн эрх барих эсэх нь эргэлзээтэй.
Аль нэг зүйлээрээ гадны улсаас хамааралтай бол тусгаар улс гэхэд хэцүү юм гэдгийг ард түмэн ухаарч байна. Барьцаалагдсан эрх баригчид ч үүнийг мэдэж байгаа. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монголын Ардчилсан нам, тусгаар тогносон Монгол Улсын иргэнийхээ хувиар эрх чөлөөгөө эдэлж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эсрэг дур зоргоороо мэдэгдэл гаргаж байна. Мөн ОХУ, Украины асуудлаас улбаатайгаар гадаад валютын нөөц хомсдож эхэллээ. Гэвч үүнийг эсрэг ганц УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Тусгаар улсад хандаж буй бол эрх чөлөөт ард түмэнд маань биш, засгийн эрх барьж буй бидэнд хандана уу. Төрийг нь давж ард түмэн рүү хандахыг ямар ч дипломат ёс зөвтгөхгүй” гэж жиргэснийг эс тооцвол Монгол Улсын төр ямар ч үйлдэл хийсэнгүй “түдгэлзсээр л” л байна. Үүнээс харвал манай улс жинхэнэ утгаараа барьцаанд орсон мэт. Энэ байдлаараа байгаад байвал улсаа тонуулж дуусаад, тусгаар тогтнолоо ганхуулж ч мэдэх нь.
Төр засаг нь нэгэнт ингэж “төмсөгдүүлсэн” юм бол тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсын иргэд өөр өөрсдийн сувгаараа үзэл бодлоо илэрхийлэхээс гадна жагсаал цуглаан хийх хэрэгтэй. Харамсалтай нь үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, дайныг эсэргүүцсэн аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтын байгууллагаас дарамталж, цугласан хүмүүсийг тарааж, мандуулсан далбааг нь хурааж байх жишээтэй. Энэ бол эрх баригчид ОХУ-аас эмээж, цаашлаад барьцаанд байгаагийн илэрхийлэл. Мөн дайныг эсэргүүцэж, эзлэн түрэмгийлэлд өртөөд буй Украиныг дэмжсэн иргэдийнхээ амыг барьж эхэллээ. Тухайлбал, эрх чөлөөгөө хасуулж шоронд суугаа ч ардчилсан Монгол Улсын иргэн гэдгээ баталж дайныг эсэргүүцсэн Улсын баатар Э.Бат-Үүлийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан талаар ар гэрийнхэн нь мэдэгдэж байгаа.
Өнөөдөр жагсаал хийвэл барьж хориод далбаа өлгөхөд цагдаагаар дарамтлуулаад буй эрх баригчдын эсрэг хөдөлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаанд уриалан дуудах зоригтон үеийн үед байсаар ирсэн. Үүний нэг жишээ нь бямба гаригт болсон дайныг эсэргүүцэж ОХУ-ын Элчин сайдын өмнө болсон жагсаал юм. Бид нэг л эх оронтой. Энэ эх орныхоо тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх эр зоригтой байх хэрэгтэй. Ингэж ард түмэн нь хүчтэй эсэргүүцвэл барьцаалагдсан эрх баригчид ядахдаа “Ард түмэн эсэргүүцээд байна” гэсэн хэлэх үгтэй болох юм даа. Эрх баригчид нь үнэхээр барьцаалагдсан юм бол иргэд нь ингэж тэмцэж тэднийг чөлөөлөх боломжтой. Үүнийг тэр цагдаагийн газрын дарга нар нь мэдмээр юм. Ингэхгүй бол өнөөдөр Монгол Улсад ард түмнээ өмөөрч, монгол төгрөгөө харамлах, улс орныхоо тусгаар тогтнолд санаа зовох цөстэй удирдагч алга. Өмөөрмөөр байвч олон жил авч ирсэн хахуулийн мөнгөнд амаа үдүүлсэн эрх баригчид, бензингүй болно гэхээс цөсөө цалгитал айж, хулчганасан ард түмэн л харагдаад байх юм. Хэдэн сар явган алхчих тийм аймаар үндэстэн сөнөхөөр юм гэж үү. Бүх хэрэглээгээрээ гадаадаас хамааралтай, ядуу даржин болохоороо ингэдэг юм болов уу. Уг нь 1990 оноос өмнөх шиг ядуугаас бид тэс өөр түвшинд очиж,хөрөнгөжиж баяжин эр зориг орвол орохоор болсон баймаар юм. Барьцаанд орсон эрх баригчдын ааш аяг, аймхай ноомой ард түмний аясаар бол бидний тусгаар тогтнол мөн хэврэгхэн ээ. Бид дайн хийж байгаа Оросын удирдагчдын эсрэг байгаа болохоос Оросын ард түмний эсрэг байгаа биш. Оросын ард түмэн дайн дажин, үхэл хагацал үзэж ядарч байна. Бас Украины ард түмэн ч бүүр зовж байгаа. Тиймээс иргэд нь дайны эсрэг тэмцэж, энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөж байх хэрэгтэй байна. Дайтаж зовж байгаа ард түмнүүдэд нэг улс ч өөрсдийх нь төлөө байх нь ямар их урам зориг өгөх вэ. Бас ингэж тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх нь эрх баригчдаа барьцаанаас чөлөөлөхөд их чухал нөлөөтөй. Эрх баригчид ч эх орныхоо төлөө энэ хэдэн монголчуудынхаа төлөө гэсэн цохилох зүрхтэй байхыг уриалж байна. Бид л эрх барихгүй юм бол энэ улс байсан байгаагүй ялгаагүй гэсэн шиг ийм үлбэгэр дорой байхаа боль,та нарт намын эрх ашиг гэхээсээ илүүтэй Монгол Улсын эрх ашиг гэж хамгийн чухал юм байгаа. Түүнийг мартаж болохгүй. Тэмцэж чаддаггүй ард түмэн мөхдөг жамтай.