Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ынхан орон гаран хүн шиг болчихжээ

МАН-ынхны хийж байгаа улс төрийн акцууд тааварлахын аргагүй болжээ. Үзмэрч, мэргэндээ таах гээд байгаа юм биш. Ерөөсөө энгийн ойлголт, логик дараалалгүй гэнэтийн  шийдвэрүүд нь гайхаш төрүүлэх боллоо. Уг нь улс төрийн тулхтай хүчин, манайдаа институц болтлоо төлөвшсөн намын байгууллага гэж ойлгодог байлаа. Өөрсдөө тэгж сурталчлан, давуу талаа дөвийлгөдөг байсан. Гэвч тэдний гаргаж байгаа хийдэл, үзүүлж байгаа байдал нь нэг  л биш ээ.
Эдийн засгийн байдал нэгэнт амаргүй болсныг тэнд суугаа 76, энд байгаа бүгд л ярьцгаах болсон. Тиймдээ ч сүүлийн хэдэн сарын турш эдийн засгаа тогтворжуулна, идэвхжүүлнэ, эрчимжүүлнэ гэж ирээд УИХ хуралдсан биш бил үү. Засгийн газраас оруулж ирсэн санал дээр сөрөг хүчин болох МАН өөрийн саналаа тусгамаар байна гэсэн. Үүнийг нь нөгөө хэд нь хүлээж аваад төсөлдөө багтааж байгаа харагдсан. Бүр хоёр талаас ажлын хэсэг хамтран байгуулж ирээд энэхүү төлөвлөгөөгөө баталсан шүү дээ. Нээрээ ч эдийн засгийн хямралтай үед эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй аль аль талаасаа нийлээд ингэж байгаа нь яамай даа гэж бодогдсон.
Энэхүү эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг тал талаасаа санал нэгдэн батлаад хэдхэн хонож байтал МАН-ынхан тэс өөр юм яриад ороод ирлээ. Төслөө батлаад яг долоо л хонолоо. Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр 100 хоногт юу хийхээ дэлгэрэнгүй танилцуулаад  дөнгөж дуусаад гадны хүмүүстэй уулзалт хийж байхад нь сөрөг хүчний намын дарга М.Энхболд бараа бологчдоо баахан хэвлэлийнхэнтэй дагуулаад өрөөнд нь дайраад орлоо.  Шаардлага гардуулна гээд байсан болохоор нь Ерөнхий сайд уулзалтаасаа аргагүй эрхэнд завсарлага авсан юм уу даа.  Үнэндээ оруул гэсэн саналуудыг нь оруулж, хоёр  талаасаа ажлын хэсэг байгуулж нэг шийдэлд хүрч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраараа “Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл нь сайн болсон” гэдэг урмын гэмээр үг хэлүүлээд байсан болохоор нь юун шаардлага гэж бодсон биз.
Гэтэл арав хоногийн дотор асуудал шийдэхгүй бол огцруулна шүү гэдэг шаардлага  хүргүүлж байх юм. 100 хоногийн дараа л хариуцлага ярина гээд байсан хүмүүс чинь юун арав хоног яриад унав аа.  Уг нь эрх баригчид нь ажлаа эзэнжүүлэх юм болоод, сөрөг хүчин нь ард түмний өмнөөс хяналт тавих юм болоод байсан. Хэд ч хонолгүй өмнөхөөсөө өөр юм бариад ороод ирэхийг нь харвал энэ МАН чинь яачихав аа гэж халагламаар. Хэлсэн ярьснаасаа буцаад л, ухаан санаа нь орж гараад байгаа хүнийг орон гаран амьтан  гэдэгсэн. Намыг юу гэмээр ч юм бэ дээ.
МАН-ынхны сүүлийн үед гаргах болсон авир аашийг нь харвал орон гаран байтугай гаран, гаран болчихсон гэмээр байна. Гурван сар хэлэлцэж ард нь гарчихаад, үүнийгээ эхний шатанд ажил хэрэг болгож,  эдийн засгаа идэвхжүүлнэ гэчихээд арван хоногийн дотор тэс хөндлөн юм яриад, шаардаад байгаа нь ганц энэ явдал ч бус сүүлийн үед МАН-ынхны үйлдлүүд нэг л биш ээ. Өвөрхангайн тойргийн маргаантай асуудлын үед “АН-ынхан өөрийнхөө гишүүдийг оруулж ирж тангараг өргүүлэх гэж байна” гэцгээн МАН-ынхан буйдантай суулт гэдгийг түүхэнд анх удаа Төрийн ордонд хийсэн дээ. Тэгж сөрж байснаас нь харвал Өвөрхангайгаас энэ парламентад төлөөлөл орж ирэх ёсгүй, эсвэл МАН-ын хоёр л төлөөлж суухаар байсан юм шиг аашилж байлаа. Гэвч АН-ын хоёр нөхрийг тангаргаа өргөх үед МАН-ын гишүүд элгэндээ гараа наагаад л Төрийн дууллыг дагаад дуулж байсан шүү дээ. Нэг өдөр хэлж байснаа таг мартаад, маргааш нь өөрийг яриад зогсч байдаг нь энэ намынхны онцлог болжээ.
Одоо ам.долларын ханш өссөн гээд Засгийн газартай өглөө бүр хэрүүл хийж суух юм. Тэгж яривал долларын ханшийн өсөлтийг хариуцах газар нь Монголбанк. Монголбанкны удирдлагыг томилдог, эднийхийг мэдэх ганц газар гэвэл УИХ шүү дээ. Тэгвэл УИХ долларын өсөлтөд хариуцлага хүлээх газар юм байна. Харин УИХ-ын бараг тэн хагас нь МАН-ынхан. Тэгэхээр тэд олон түмнийг төөрөлдүүлж, зорилготойгоор шороо үмхүүлэх, чулуу хөөлгөх арга хэрэглээд байна уу даа. Яагаад МАН-ынхан ингэх болов.
Боловсон хүчин сайтай, улс төрийн тулхтай, нийт эрх ашиг, ард олныхоо төлөө шийдвэр гаргадаг ганц нам гэж сүүлийн хорин жил өөрсдийгөө тодорхойлсон доо. Эрх барихаа байж, хариуцлага хүлээхээ байчихаараа яасан ч хамаагүй гэж бодож байгаа юм болов уу. Эсвэл өөр учир шалтгаан байна уу. Уг нь өнөөдөр нэг юм ярьж, маргааш нь өөрийг яриад эхэлдэг тэр нь өмнөхөөсөө тэс өөр утгатай логик дараалалгүй байна. Нэг бол тэдний бүхий л бузар булхайг мэддэг  ямар нэгэн хүчин цаана нь байна. Олон жил эрх барьсан МАН-д алдаа, оноо байлгүй яав гэж.  Тэрийг нь мэддэг, бидний мэдэхгүй нэг хүчин  цаана нь бий учраас  өнөөх “хар гараа” дохих тоолонгоор ярьсан тохирсноо алга урвуулахын агшинд мартахаас өөр аргагүй болчихдог юм уу.
Эсвэл тэд өнөөгийн эрх баригчидтай ямар нэгэн тохироо хийхдээ ийм арга ашигладаг болсон юм байна. Тэднээр өөрсдөдөө ашигтай ямар нэг шийдвэр гаргуулах гэхээрээ шаардлага хүргүүлж, улс төрийн шалтаг гаргаж асуудал босгодог. Өнөөх хэд нь амыг нь таглахын тулд наймаалцдаг. Харин үүнийг нь ойлгохгүй ард иргэд учрыг нь олохгүй гайхаж хоцордог.  Тэгээд эцсийн бүлэгт хоёр тал чухам л ард түмний төлөө бүгдийг хийх юм ярьж, завсарлага авч, шаардлага хүргүүлсэн болоод дуусдаг.  Бас ард түмний төлөө тэр бүгдийг нь хүлээж авч биелүүлсэн болж жүжиглэдэг. Хэрэв тиймгүй бол ийм алхмууд хийх үү. МАН-ынхан хүнээр бол орон гаран бүр гаран гаран болж гүйцэж дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *