Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д холбогдох хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцсэн. Дээд шүүхээс Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилга нь төрийн өмч болохыг тогтоож, МАН-ын эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ шийдэл хүч түрсэн, дээрэнгүй байдлаар асуудалд хандсан. УДШ-ийн шийд гарсан ч бид Ерөнхий шүүгчид хандана. Эрх барьж байгаа хүчин дээрэнгүйгээр булааж авдаг асуудал үүслээ. Шинэ нөхцөл байдал үүслээ гэдэг үндэслэлээр хувьчлагдсан объектыг буцаан авч байгаад харамсаж байна” гэлээ