Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй тарсан байна. АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэж МАН-ын УЗ-ийн гишүүдийн олонх нь үзсэн байна. Ч.Сайханбилэг нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан болохоор Н.Алтанхуягийн Засгийн газарт хариуцлага тооцох гэсэн МАН болон бусад нам, эвслийнхний улс төрийн алхам үр дүнгүй болно хэмээн болгоомжилж байгаагаа тус намын Удирдах зөвлөлийн зарим гишүүд илэрхийлжээ.
Гэвч Ч.Сайханбилэгийг шууд дэмжихгүй гэдэг байр суурь илэрхийлэх нь засгийн ажлыг гацаасан нэр зүүж болзошгүй гэсэн байр суурьтай хүмүүс ч бас байгаа гэнэ. Энэхүү хоёрдмол байр сууриа нэгтгэх үүднээс МАН Удирдах зөвлөлөө өнөөдөр дахин хуралдуулахаар болсон байна.