МАН-ын бага хурлын гишүүд намынхаа удирдлагуудтай хариуцлага тооцох талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар “Бид МАН-д элсээд 16 жил боллоо. Энэ хугацаанд чин үнэнч шударгаар намдаа зүтгэж ирсэн. МАН бол зөв нам. Зөв нам учраас хариуцлагын тогтолцоо зөв байж улс төрийн соёлыг тогтоох ёстой.
Энэхүү зарчмыг бий болгохын тулд шаардлага гаргасан. МАН-ын гишүүдийн хөдөлгөөнийг бид байгуулсан. Энэ нь хэн нэгэн хүнийг огцруулаад хариуцлага тооцоод тарах хөдөлгөөн биш. Цаашдаа шат шатанд зөв зүйлийг бий болгохын төлөө явна. Эхний удаад бид МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд шаардах бичиг хүргүүлж байна.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежер Д.Амарбаясгалан нь сонгуулийн үйл ажиллагаанд намын анхан шатны байгууллага болон гишүүд дэмжигчдийнхээ хамтын удирдлага, эв нэгдэл, дотоод ардчилал, шударга зарчмыг баримтлан ажиллаж чадаагүй. Мөн дотоод удирдлагаар хангаж, оновчтой үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй учраас бид ялагдлаа.
Иймээс Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр хариуцлагаа хүлээж ажлаа өгөхийг шаардаж байна” гэв.