Долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар ард түмний эрх ашигт нийцсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн батлахын тулд УИХ дахь бусад нам эвслийн бүлгүүдтэй уулзаж тохиролцох ёстой гэсэн саналд байр сууриа нэгтгэжээ. Парламентийн цөөнх болсон МАН-ын бүлгийн зүгээс санаачлан өргөн барьсан олон хуулийн төслүүдийг УИХ-д хүлээж авдаггүй, хүлээж авсан ч хуулийн төслүүдийг хэлэлцэлгүй уддаг зэрэг олон шалтгааныг хэлж байлаа. Тухайлбал, 2011 онд өргөн барьсан Бүсийн нэмэгдлийн тухай хууль, мөн 2011 онд өргөн барьсан Хувь хүний орлогын албан татварын тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, түүнчлэн хамгийн сүүлд өргөн баригдсан Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж жил бүр нэмэгдүүлэх, Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зэрэг хуулийн төслүүд одоог хүртэл хэлэлцэхгүй хүлээгдэж байгаа нь олонхийн бүлгийн нөлөөлөл гэж үзэж байгаа ажээ.
Түүнчлэн МАН-ын бүлгээс Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төслүүд нь УИХ-ын босго давахааргүй дутуу боловсруулагдсан хуулиуд байдаг гэсэн юм. Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн төсөл, Газрын тухай хуулийн төсөл зэргийг нэрлэлээ. Гэсэн хэдий ч намын бүлгүүд харилцан ойлголцож чадвал Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг аль болох дэмжиж ажиллана гэдгээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ дахь нам, эвслийн бүлгүүд харилцан ойлголцож чадвал УИХ-ын үйл ажиллагаа цаашид хэвийн явах боломжтой гэлээ.
Харин Газрын тухай хуульд МАН-ын бүлгийн зүгээс бэлчээрийн газрын асуудлыг тухайлан хөндсөн бөгөөд бэлчээрийн газрыг хувьчлах боломжгүй гэдгийг хэлсэн юм. Тиймээс малчдын дунд ихээхэн гардаг бэлчээрийн маргааны асуудлыг зохицуулахын тулд Бэлчээрийн тухай бие даасан хууль гаргах хэрэгтэй гэдгийг Д.Оюунхорол гишүүн хэллээ.
МАН-ын бүлэг цаашид үргэлжлүүлэн хуралдаж дотоод асуудлаа хэлэлцэх ажээ.