Categories
мэдээ нийгэм

МАН-ын бүлгээр юу яригдав

М.ЭНХБОЛД: Ц.САНДУЙГ ӨРГӨДЛӨӨ ӨГЬЕ ГЭХЭД Д.АМАРБАЯСГАЛАН “НӨХЦӨЛ БАЙДАЛ БҮР ЭВГҮЙДНЭ” ГЭЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өчигдөр 15:00 цагийн үед эхэлж, 22:00 цагт тарсан ч тодорхой шийдэлд хүрч чадсангүй. Долоон цагийн турш үргэлжилсэн хуралдаанаар засгийн газрыг огцруулах асуудлыг тойруулан 60 тэрбум, сайд нарын концесс, ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, намын даргад хариуцлага тооцох зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцжээ. Төрийн ордны А танхимыг хоёр талаас нь хааж, дотроо сүлжээ унагагч байршуулсан тус хуралдаанд Ц.Нямдорж гишүүн хамгийн ширүүхэн байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрээр хуралдааны дундуур “Алив наад засгийн газрыг огцруулах бичгээ аваад ир” хэмээж, гишүүдийн нүдэн дээр гарын үсгээ зурж орхижээ. Засгийн газрыг огцруулах асуудлын хүрээнд сайд нарын өөрсдөдөө авсан КОНЦЕСС-ын асуудлыг гишүүд ихээхэн шүүмжилж буйгаа илэрхийлсэн байна. Өөрсдөдөө концесс авсан асуудлаар Н.Номтойбаяр сөрөг байр суурь илэрхийлэхэд намын ахмад гишүүд “За, жаахан даруулгатай байгаарай. Чи болоогүй шүү” гэж зэмлээд авчээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, С.Бямбацогт нар уг асуудлаар өөрсдийгөө өмгөөлж тайлбар хийлгүй өнгөрсөн аж. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Тэр концессуудыг цуцлаж болно. Мөнгө төгрөгийг нь өгчихсөн зүйл байхгүй” гэжээ.

Харин 60 ТЭРБУМ-ын тухайд ихэнхи гишүүд холбогдох хүмүүст хариуцлага тооцъё, намын нэрийг бузарласан зүйлээс салцгаая гэсэн байдлаар асуудалд хандсан аж. Хуралдааны үеэр МАН-ын дарга М.Энхболд бичлэгт өөрийн биеэр оролцоогүй болохоо илэрхийлж, “Ц.Сандуй сонгуулийн үеэр ажлаа өгье гээд ирсэн. Гэвч МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан “Нөхцөл байдал бүр эвгүйднэ” гээд хүлээн зөвшөөрөөгүй. Нийслэл Ц.Сандуйгийн асуудлыг шийднэ биз” гэсэн мэдээлэл намынхандаа өгсөн нь анхаарал татна. Бүлгийн хуралдаанд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан оролцсон юм. Бүлгээс Ц.Сандуйд хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдмэл байсныг эх сурвалж тодотгож байна.

-У.ХҮРЭЛСҮХ, Н.НОМТОЙБАЯРЫН МӨРӨН ДЭЭР ЦОХИЖ, ЭНГИЙН БАЙДЛААР ХОЁУЛ ЯРИА ӨРНҮҮЛЭВ-

Хуралдааны дундуур гишүүд хэсэг бүлгээрээ нэгнийхээ өрөөнд уулзаж, гарч орж утсаар ярьсаар байлаа. Хамгийн гол нь энэ хуралдаан дээр Засгийн газрыг огцруулах асуудлыг сэдэж, гишүүдээ турхирсан гэгдэж буй шадар сайд У.ХҮРЭЛСҮХ ямар байр суурь илэрхийлж, хэрхэн аашилж аяглах нь ихээхэн сонирхолтой байв. Тэрээр бүлгийн хуралдааны дундууд Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй гарч, өрөөнд нь тамхилсан бөгөөд нэг гарахдаа Л.Энх-Амгалан гишүүнтэй уулзсан юм. Улмаар бүлгийн хуралдааны завсарлагын үеэр У.Хүрэлсүх, Н.Номтойбаярын мөрөн дээр цохиж, энгийн байдлаар хоёул яриа өрнүүлсэн нь хачирхалтай дүр зураг байлаа.

“Шадар сайд У.Хүрэлсүх хуралдааны явцад айхтар хатуу ширүүн байдлаар байр сууриа илэрхийлээгүй. Ерөнхийдөө гишүүдийн үгийг сонссон. Гэхдээ өөрийг нь тагнаж чагнасан асуудлаар ихээхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн” гэх мэдээллийг эх сурвалж өгөв. Өмнө нь Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар МАН-ын бүлгийн ахмад гишүүд тусдаа зөвлөлдөхөөр болсон гэх яриа явж байсан. Өчигдөр л гэхэд, Д.Лүндээжанцан гишүүний өрөөнд Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нар нэлээд саатсаны дараа Засгийн газрын гишүүд орж харагдав.

Ерөнхийдөө засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд төрийн ордны зүүн хэсгээр хуралдааны явцад хэд хэд бөөгнөрөөд амжив. Мөн Засгийн газрын танхимын гишүүд, огцруулах асуудлыг дэмжихгүй байгаа гишүүд амь нэгтэйгээр хэсэг бусгаараа уулзацгаав. Хуралдааны явцад УИХ-ын дарга М.Энхболд нэг удаа гарч, албан өрөө рүүгээ орж, бас бус хүмүүстэй уулзаад амжсан.

ИНГЭСГЭЭД ХУРАЛДААНЫГ ЗАВСАРЛАЯ. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР “ТЭСЛЭЧИХ” ГЭЭД БАЙНА-

Ийм байдлаар нэлээд сунжирч ирэх үест төрийн ордны коридорт Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Я.Содбаатар нар таарч, хоорондоо “Өнөөдөр ингэсгээд хуралдаанаа завсарлая. Өнөөдрийн байдлаар бол тэслэчих гээд байна. Маргааш өглөө үргэлжлүүлсэн нь дээр” гэж ярилцав.

Бүлгийн хуралдаан 20:00 цагийн үед завсарласан. Гишүүдийн ирц нэлээд сайн байсан тул үг хэлэх, асуулт хариултын горим удаашралтай байсан бололтой. Ингээд Л.Оюун-Эрдэнэ гишүүн шадар сайд У.Хүрэлсүх, ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг шөнөөр уулзаж, нэгдсэн байдлаар тохироонд хүрээд, маргааш бүлэг дахин хуралдах горимын санал гаргажээ. Санал дэмжигдсэнээр бүлгийн хуралдаан өндөрлөх тийшээ хандсан байна.

Энд онцлууштай нь, засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй байгаа, дэмжиж гарын үсэг зурсан талуудаас нэг ижил мэдээлэл ирж байна. Тэр нь, хуралдааны үеэр Засгийн газрын хариуцлага тооцох ёстой зарим гишүүдээ огцруулж, оронд нь шинээр томилгоо явуулах асуудлыг хэд хэдэн гишүүд хөндсөн байна. Бүлгийн уур амьсгал үүн дээр харьцангуй эерэг байсан гэх мэдээлэл ирэв.

Ямартай ч тэд хоорондоо сошиалаар нэгнийгээ хэтэрхий их гүтгэх, намын нэр хүндэд харшлахаар бараан мэдээлэл цацах замаар олон нийтэд нөлөөлөх гэж оролдох, хууль хүчний байгууллагуудыг улс төрийн бохир асуудалдаа оролцуулан хөтөлж буй асуудлууддаа хязгаар тавих учиртайг ч ярилцаж. Мөн энэ өдөр Засгийн газар огцруулах бичигт гарын үсэг зурсан ч нэрээ татна гэх тохиролцоо хийсэн гэгдэж буй гишүүдийн ихэнхи нь уг мэдээллийг үгүйсгэлээ. Нөгөө талаас Ц.Нямдорж гишүүнийг эс тооцвол нэмж гарын үсэг зурахгүй гэх мэдээлэл ч явж байна.

Гол нь, урт удаанаар сунжирсан бүлгийн хуралдааны дараа У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат, М.Энхболд, Д.Хаянхярваа нар шөнө дүлээр уулзаж, ямар тохироонд хүрэв гэдэг нь анхаарал татсан хэвээр үлдэв. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаас гарах шийдвэр тэдний шөнө дүлээр хийсэн уулзалтын үр дүнгээс ихээхэн хамаарах нь тодорхой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *