Улсын Их Хурлын дарга М.Энхболд 10 цаг 32 минутад чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хүрэлцэн ирсэн гишүүдэд шинэ оны мэнд хүргэж, ажлын амжилт, сайн сайхныг ерөөгөөд гишүүд хуралдааны танхимд хүрэлцэн ирж ирцээ бүрдүүлэх шаардлагатай байгааг сануулав.
Улсын Их Хурлын дарга энэ үеэр хэлэхдээ, өнгөрсөн оны сүүлчээр Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурж, Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдөх шаардлага тавьсныг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Харин уг шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тухай албан бичгийг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас ирүүлсэн. Учир нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах” асуудлыг зохицуулсан 5 үндэслэл буюу нас барсан; өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан; гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн 5 үндэслэлээс аль нэг нь үүссэн тохиолдолд Улсын Их Хурлын тухай хуулийн 10.3-10.7-д заасан дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах хууль зүйн нөхцөл үүснэ.
Гэтэл Улсын Их Хурлын даргаас Байнгын хороонд шилжүүлсэн асуудлаар хуульд заасан дээрх 5 үндэслэлийн аль нь ч бүрдээгүй учраас гишүүдээс тавьсан уг шаардлагыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тухай хариу ирүүлсэн. Тиймээс 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэр бүхий 40 гишүүний шаардлагын хариуг албан бичгээр хүргүүлсэн гэдгээ хэллээ.
Гишүүдийн ирц бүрдээгүйгээс шалтгаалж оны өмнө чуулганы 7 удаагийн нэгдсэн хуралдаан хуралдаж чадаагүйгээс хэлэлцэх асуудал хуримтлагдсан, зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай олон асуудал хүлээгдэж байгааг хуралдаан даргалагч сануулав. Тухайлбал, Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлторуулах тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байна.
Мөн Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох, Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах асуудлыг шуурхай шийдвэрлэж, Засгийн газрын танхимыг бүрдүүлэх хэрэгтэй байна.
Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлээд байна. Хууль хэрэгжихтэй холбогдуулан Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлах “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” тогтоолын төслүүдийг хэлэлцэж батлах шаардлагатай байна.
Иймээс Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар баталсан хуваарьт тусгагдсан асуудлуудаа шуурхай хэлэлцэж шийдвэрлэхийн тулд Улсын Их Хурал дахь намын бүлгийн дарга нар гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхэд анхаарч, чуулганы нэгдсэн хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангахыг сануулсан юм.
Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө намын бүлэг хуралдах шаардлагатай байгаа тул нэгдсэн хуралдааныг түр хойшлуулах хүсэлт гаргасны дагуу хуралдаан даргалагч чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг түр хойшлууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.