УИХ дахь
МАН-ын бүлэг чуулганы үдээс өмнөх хуралдаан дээр завсарлага аваад байсан.
Завсарлага авсныхаа дараа бүлгийн даргынхаа өрөөнд хуралдсан юм. МАН-ын бүлгийн
дарга С.Бямбацогт, МАН-ын дэд дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
нар сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн
дарга Бямбацогт хэлэхдээ “Улс орны төсөв батална гэдэг нь УИХ-ын бүрэн эрх
байдаг. Энэ эрхийг хэрэгжүүлэхдээ бид хариуцлагатай хандах ёстой. Орлого
зарлагын асуудлыг нарийн тооцож, ярилцах шаардлагатай. Гэтэл УИХ өчигдрөөс
эхлээд гишүүдийн ирц хангалтгүй байгаагаас гадна зарим гишүүний өмнөөс санал
өгөх явдал гарч байна. Тиймээс завсарлага авах горимын санал гаргасан. УИХ-ын
даргын өгсөн нэг цагийн завсарлагын хугацаанд МАН-ын бүлэг хуралдаж төсвийн
хоёр дахь хэлэлцүүлэгт оролцъё, гэхдээ зарчмын шаардлагаа тавьж оролцоно гэж
тогтсон” хэмээлээ. Мөн байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр МАН-ын бүлгийн
гишүүдийг үг хэлүүлэхгүй байна. Үг хэлэх гишүүдийн нэрс дунд манай бүлгийн
гишүүдийн нэр байхад ийм байдлаар үг хэлүүлэхгүй байвал УИХ-ын даргыг огцруулах
хүртэл шийдэлд хүрнэ гэв. Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан 16.00 цагаас
үргэлжилнэ.