МАН-ынхан Бага хурлаа 14:00 цагаас эхлүүлэхээр товлосон ч одоо болтол эхлээгүй хүлээгдэж байна. Тус намын Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж, ирэх сонгуульд хүч үзэх хүмүүсээ сонгож байгаа юм. Нийт 21 гишүүнтэй удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын 12 гишүүн байдаг. Тэдний гаргасан шийдвэрээс тус нам сонгуульд хэрхэн оролцох нь тодорхой болох төдийгүй ялалт, ялагдлын өнгө төрх харагдах учиртай. Тиймээс Удирдах зөвлөлийнхөн нухацтай хэлэлцэж буй бололтой. Удирдах зөвлөлийн хурал тармагц МАН Бага хурлаа эхлүүлнэ. 310 гишүүнтэй Бага хурал хуралдаанаа хэзээ эхлүүлж, хэзээ дуусах нь одоогоор тодорхойгүй байна. Хөдөө орон нутгийнхан Бага хуралдаа оролцохоор ирчихээд байгаа юм. Монгол Ардын намынхан хэнийг хаана сойж байгаагаа нууцалсаар байгаа бөгөөд АН-ын ҮЗХ-ны шийдвэрийг хүлээж байгаа байж болзошгүй хэмээн зарим хүн таамаглаж байгаа аж.
АН-ынхны хувьд ч хүлээлтийн байдалтай байна. АН оройн 18:00 цагаас Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, УИХ-д нэр дэвшигчдээ баталгаажуулна. Тус намын Үндэсний зөвлөлдөх хороо 228 суудалтай бөгөөд энэ бүтцээрээ хамгийн гол том шийдвэрүүдээ гаргадаг. Тэр уламжлалынхаа дагуу энэ үдшийн хурлыг зарлаад байгаа билээ.
АН-ын хувьд МАН-аас ялгаатай нь УИХ-ын 76 тойрогт нэр дэвшүүлэх хүмүүсээ ил тод зарлаж байгаа. Харин намын анхан шатны нэгжүүдийн тэрхүү шийдвэр өөрчлөгдөх магадлал тун өндөр. Наад зах нь нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүд тун бага хувь эзэлж байгаа нь Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын заалнаас дахин нэр дэвшүүлж мэдэхээр байгааг тодотгож буй. Ямартай ч сонгуульд оролцох хоёр гол хүчнийхэн хүлээлтийн байдалтай байна.