МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж намын дүрэмд оруулах 50 гаруй зүйл заалтыг хэлэлцэн таржээ. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан заалтуудад “Шийдвэр гаргах түвшинд намын анхан шатны гишүүд оролцдог болох”, “Удирдах зөвлөл болон Хяналтын хорооны гишүүдийн тоог багасгах”, “Хариуцлагатай, ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэл тусгах”, “Намын санхүүжилтийн үйл ажиллагааг журмаар зохицуулах”, “Намын гишүүдийн ёс зүйн асуудалтай холбоотой шинэ бүтэц бий болгох” асуудлууд туссан байна. дүрмийн өөрчлөлтөө 28 дугаар Их хурлаараа хэлэлцэх учиртай.
Харин Монгол Ардын намын 28 дугаар Их хурал өнөөдөр хөшгөө нээх бөгөөд 21 аймаг, сум, дүүрэг бүрийн төлөөлөл 1309 төлөөлөгч оролцохоор мандатаа авчээ. Их хурал даваа, мягмар, лхагва гаригуудад үргэлжлэх бөгөөд өнөөдөр Соёлын төв өргөөнд нээлтээ хийх юм. Өнөөдөр болох хуралдаанаар МАН-ын дүрмийн шинэчлэл, МАН-ын Хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэлийг хэлэлцэх, асуулт, санал хэлэх юм байна. Олон түмэн мэдээж МАН-ын даргын сэнтийд хэн залрах вэ гэдэг асуултын хариуг хүлээж байгаа. Тэгвэл мягмар гаригт хуралдах хоёр дахь өдрийн хуралдаанаараа МАН-ын даргад нэр дэвшүүлэх санал хураах, тооллого явуулснаар шинэ намын дарга тодорно. МАН-ын даргад нэр дэвшихээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх илэрхийлээд байсан. Тэгвэл түүнтэй хэн ч өрсөлдөх боломжгүй гэж байсан ч өнгөрөгч долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нэр дэвшихээ зарлаж олны анхаарлын төвд ороод буй.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.дэмбэрэл нэр дэвшинэ гэсэн бол “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг мөн өрсөлдөхөөр болсноо нийтэд ил болгосон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн байр суурийг бататгаж намын даргаа авах гэж зүтгэх бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга д.Хаянхярваа намын эв нэгдлээ хангах, талцал хуваагдлыг арилгахын төлөө явахаа мэдэгдээд байгаа. Н.дэмбэрэл улс төрд шинэ хүн биш ч намынхнаас нь гадуур таних хүн тийм ч их биш. Тиймээс өмнөх Их хуралд М.Энхболдтой одоогийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нэр дэвшин өрсөлдөж олны танил болсон тэр зарчмын дагуу яваа гэх. Г.Майцэцэгийн хувьд ч мөн адил гэж харах хүн олон байна. Гадны орнуудын жишгийг дагавал намын дарга нь парламентаасаа сонгогдсон байдаг талаар намынх нь гишүүд Бага хурлын үеэр ярьж байлаа.
Харин лхагва гаригт Их хурлын хаалтын ажиллагаа болох бөгөөд шинээр байгуулагдсан Бага хурал нь анхны хуралдаанаа хийх аж. Ямартай ч өнөөдөр МАН-ын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын тайлан илтгэл, Хяналтын Ерөнхий хорооны тайлан илтгэл, намын 27 дугаар Их хурлаас хойших Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал болон МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тухай, цаашид хэрэгжүүлэх зорилт бүхий илтгэлүүд тавигдахаар болжээ. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон үр дүнгийн талаарх асуудал нэлээд хурц маргаан дагуулна гэдгийг намынх нь гишүүд хэлж байна. Учир нь эрх баригч МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн намын дарга М.Энхболд өвдөг шороодсон. Намын даргаа өвдөг шороодуулах ажлыг одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийсэн гээд хоёр талцан үзэх нь гарцаагүй гэж байв.
Э.ЭНХ