УИХ дахь Ардчилсан намын бүлэг хамтарсан Засгийн газар байгуулахад МАН-тай байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний биелэлтийг хангалтгүй гэж дүгнээд буй. АН-ын Гүйцэтгэх зөвлөл бүлгийн энэ шийдвэрт үндэслэн МАН- ыг энэ сарын 10-ны өдрийн дотор Засгийн газраас гаргахыг Засгийн газарт АН-аас томилогдсон гишүүддээ даалгаад байгаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-д суудалтай намуудын удирдлагуудтай дээрх асуудлаар уулзах үед АН-ын дарга З.Энхболд АН-аас гарсан шийдвэрийг биелүүлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ыг Засгийн газраас гарга гэж өгсөн сүүлчийн өдөр. АН МАН-тай хамтарч Засгийн газарт ажиллахгүй гэдгээ өчигдөр мэдэгдэл гаргаж нотолсон билээ. Гэхдээ одоогоор МАН-ын асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын дарга З.Энхболдын өрөөнд өчигдөр өнжсөн сураг чих дэлсэж байна. Тэднийг ямар нэг шийдэлд хүрсэн байх магадлалтай гэж улстөрийн хүрээнийхэн ярьж байна. МАН-аас томилогдсон зургаан сайдын асуудлыг өнөөдөр УИХ-аас хэлэлцүүлж магадгүй гэнэ. Эсвэл ирэх сарын 3-ны өдөр ээлжит бус чуулган зарлаж МАН-ыг Засгийн газраас гаргах асуудлыг шийдэж мэдэхээр байгаа аж.