Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН дотор юу болоод байна вэ

“Өдрийн сонин”-ы 2017.08.18-ний Баасан гаригийн 176(5743) дугаараас авч нийтлэв.

Өнөөдөр МАН дотор болж байгаа үйл явдал мэдээллийн дайнаасаа хальж бодит үйл явдал болж байх шиг байна. Гаднаас нь харахад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх хоёрын хооронд өрнөж байх шиг. Жаахан өнгийгөөд харвал М.Энхболд дарга өндөрхөн уулан дээр дуран барьж суугаад намынхныхаа хэн хэн бэ, хаана гүйж явна гэсэн байршлыг тогтоож байх шиг санагдах юм. Нөхөр саяын сонгуулиар унасан. Их улс төрд яваа томчууд их уналтынхаа дараа нам дотроо заавал ийм нэг байршил тогтоох арга хэмжээ авдаг. Хэн нь цаашаа байна, хэн нь наашаа байна гэж. Үүнийг улс төрийн хүрээнд тест бөглүүлэх ч гэдэг юм. Инээдтэй нь энэ удаад МАН-ынхан тест бөглөж байгаагаа мэдэхгүй их багагүй, том жижиггүй яваад орчихлоо л доо. Ялангуяа учраа мэдэхгүй залуучууд нь хоорондоо яасан ч хортой үзэлцдэг юм. Тэр жил М.Энхболдыг Ерөнхий сайдаас буулгаад, намын даргынх нь суудлаас авч хаяхад “Энэ хүн ингээд өнгөрлөө” гэж намын нэлээд хэсэг нь үзэж, нүүр буруулсан байдаг. Гэтэл М.Энхболд тэр дороо С.Баяртайгаа эргэж харж тэврэлдээд цаг ирж нөхцөл бүрэлдэхийг хүлээсэн. Эцэст нь өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Эрүү өвдөг нь нийлчихээгүй энэ нөхрийн нас нь хэд билээ, нөлөө нь ямар билээ, санхүүгийн чадавхи хэр юм, 2021 он хүртэл юу хийх бол гэдгийг нь тооцож байгаа хүн өнөөдөр энэ намд лав байхгүй байх шиг харагдах юм. М.Энхболдын замналыг магтаад байхаар биш л дээ. Зүгээр л бодит байдлыг харахад л гэж байгаа юм.

Сая Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад нэг их удаагүй байхад нийслэлийн Гэр хорооллын барилгажилт хариуцсан газрын дарга Ганбаатар /бид нар ч По Ганбаа л гэдэг юм. Хүмүүс По гэдгээр нь сайн танина/ намынхаа генсек Амарбаясгалангийн үүдэнд ганц хоёр өдөр суулт хийж өдсөн юм. Үүнийг хараад “МАН дотор “юм” эхлэх нь дээ. Намар гэхэд овоо юм өрнөх байхдаа” гэж ярилцаж дуусаагүй шахуу байхад бүх зүйл эхэлсэн. Юуных нь намар. Хамаг амьтан амарсан халуун зунаар л бужигнаад өнөөдөр давалгаалж байна. Энэ бүх үйл явц эхлэл нь юм уу, эсвэл дундаа яваа юм уу, бүр төгсгөлдөө ч орсон уу, мэдэх юм алга. Ямарч байсан монголчуудын нүдэн дээр МАН дотроо хөлөө жийлцээд эхэллээ. Лав л М.Энхболд ил цагаан өөрийн нүүрээр, өөрийн гараар үүрэг даалгавар өгч юм хийлгээд байдаг хүн биш. Гэхдээ бол ард нь байж л байдаг гэж нам доторх эх сурвалжууд ярьдаг. Өөртэй нь мөчөөрхөлцөөд асуудалд орсон, “аавын” хаалган дээр очсон хүнд бол аврагч нь М.Энхболд дарга л байдаг гэж ярьдаг. Аварсан хүндээ ямарч хүн сайн санаад сүйд болохгүй ч эргэж муудаад байхыг хүсэхгүй.

Өнөөдөр УИХ-д МАН 65 гишүүнтэй байна. Үүнээс лавтай 30 орчим нь М.Энхболдын нөлөөнөөс гарахгүй. У.Хүрэлсүхийн нөлөөний 10-аад гишүүн бий. Ерөнхий сайд асан Сү.Батболдын бас 10-аад гишүүн байгаа. Энэ хоёр аравтыг нэг талдаа гарах хүмүүс гэж улс төр судлаачид үзэж байгаа юм билээ. Эдэн дээр АН-ын есөн гишүүн дуун дээр нэгдэнэ гэж үздэг. Ингээд багцлахаар 65-ын бүлгийн 50 орчим нь харьяалалтай байгаа биз. Үлдсэн 15 гишүүн хаана нь гүйлдэх үү. Энэ 15 гишүүнийг Хү, Сү-гийнхний хэн нь өөртөө татаж чадах вэ гэдгээс Засгийн газрын хувь заяа, цаашлаад МАН-ын даргын суудал яригдана. Эдгээр хаашаа ч холбирч мэдэх 15 гишүүнд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун… гээд арав гаруй хүний нэрс тодорхой дурдагддаг юм байна. Эдгээр нөхдүүдийн эрх ашгийг У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат хоёрын хэн хангаж чадна, тэр л Их хурал дээр ялна гэж улс төр судлаачид бичжээ. Эрх ашиг гэдэг нь үнэндээ хэн нь эдгээр нөхдүүдийн хүслийг биелүүлнэ, тэр хүн л өөртөө татна гэсэн үг шүү дээ. Сая болсон намынх нь Удирдах зөвлөлийн хурлаас харахад Ц.Нямдорж дарга лав У.Хүрэлсүх рүүгээ налсан юм шиг байна. Бусад нь яаж байгааг мэдэхгүй. Аль алиных нь талд үнэд ороод, хүслээ шивнэж суугаа биздээ.

Ер нь бол Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёрын тулаан саяхнаас эхэлсэн биш гэдгийг хүмүүс мэднэ. М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ намынхаа их хурлаас авсан тэр өдрөөс хойш л мэдээллийн сувгуудаар явж эхэлсэн. Явсаар өнөөдөр өндрөө авах тал руугаа орлоо. Харагдах байдлаараа бол У.Хүрэлсүхийнхэн ялж намаа, засагтай нь авлаа гэхэд амар тайван ажлаа явуулж чадах уу. 65-ын бүлэг доторх 30-ийн бүлэг нь амар заяаг нь үзүүлэх үү. Эсвэл энэ 30 нөхрийн дийлэнхийг эрх мэдэлтэй болсон тал руугаа гүйлдэнэ гэж У.Хүрэлсүхийнхэн тооцож байгаа юм уу. Үгүйсгэх аргагүй л дээ. Өнөөдрийн улс төрд мөнгө, эрх мэдэл хаана байна, бид тэр зүгт хандана гэсэн зарчим хэлбэрэлтгүй үйлчилж байгаа хойно. Тэгэхээр маргаашийн үр дагаварт санаа зовохгүй байх талтай. Амаар нь гартал концесс чихээд өгөхөд эд нар муусайн хаачихав гэж үзэж байгаа байж магад.

Гэхдээ энэ бүх үйл явдлын эцсийн үр дүнг ярих нь хөнгөн хэрэг. Ингэж ингэж эд нар ойлголцох нь тодорхой байх. Ойлголцохгүй гээд яах юм. Бүгдээрээ сөнөцгөөх гээгүй бол. МАН, АН хоёрын дотоодод болдог зөрчлийн ялгаа бий. АН-ынхан бол дотроо үзэлцээд эцэстээ хүний, манайгүй бүгдээрээ хамтдаа сөнөхөд хүрдэг. Хамтдаа сөнөх нь тодорхой болонгуут бүгдээрээ эргэж нэгдээд хооронд нь алалцуулж хүчийг нь бараад, хамтад нь сөнөөх гэж байгаа хүчнийхээ эсрэг сөрсөн тэмцэл хийдэг. Иймдээ тулж байж л эцсийн бүлэгт урьдын муу муухайгаа түр мартан хамтарч сонгуульд орцгоодог. Үр дүн нь ч сүүлийн сонгуулиар гарлаа.

МАН-ынхан болохоор хөрөнгө мөнгөний төлөөх эрх ашгаараа хоорондоо сөргөлдөцгөөдөг. Тэр орд дээр тэрний энэний эрх ашиг орсонгүй, та муу хэд хуйвалдаад идчихлээ гэж ирээд л баялагийн төлөө тулалдана. Энэ эрх ашиг эргээд нэгдэхдээ нэг талаас амархан. Чи тэгээд Цагаан суваргад, Хармагдайн ордод эрх ашгаа хангалттай оруулалдаа гэж хэлээд ойлголцлын эхний шат тавигдана. Залгуулаад эрх мэдлийн хувиарлалт дээр эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй зарчим баримтална. Ирэх 2020, 2021 оны асуудал яригдана. Урьдчилан тохиролцоно. Энэ бүх асуудал мэдээж хэдэн том ахын хооронд эцсийн байдлаар яригдана. Аль нэг амралтын газар юм уу, алс холын Англи, Америк, Солонгост очиж ярилцацгаадаг, хөрөнгөлөг том нам шүү дээ. Ах нарынхаа далдуур яаж ойлголцож байгааг мэдэхгүй хэдэн муусайн залуучууд нь монголдоо цусаа гартал нүдэлдэнэ. Муу муухайгаа монголын нийгмээр нэг дуудалцана. Хэн хэнийхээ талаар хэлэх муу үгээ дуустал ах нараа өмөөрөн тулалдаад нэг өглөө босоод ирэхэд нь өнөө ах нар нь эргээд анд нөхөд болцгоочихсон байдаг. Ах нарын золиосонд залуу гишүүд нь л хөөрхий болохыг харах эмгэнэлтэй юмдаа. Улс төрд учраа мэдэхгүй байгаа залуусаа МАН-ын ах нар жаахан ч болтугай хайрлах сэтгэлтэй байгаасай. Гэхдээ энэ намын залуус дотор ухаалга хэсэг бий. Муу муухайд нь оролцохгүй, зарчим яриад сууж байгаа, тэр байтугай нам нь үнэмлэхүй ялсан ч албан тушаал авалгүй “Ямар турж үхэх гэж байгаа биш, залуу насаа ах нарын бээлий болж өнгөрөөгөөд яахав, энэ нам иймээрээ үргэлж байхгүй байлгүй” гэсэн зүйлийг яриад сууж буй, албан тушаал хашиж үзсэн, ах нарынхаа хэн нь хэн болохыг мэддэг болчихсон тийм залуус байдаг юм билээ.

Өнөөдрийн МАН дотор болж байгаа энэ их хөл толгойгүй мэт үйл явдал ойлголцол руугаа явж буй хэлбэр байх. Ерэн жилийн түүхтэй гэх энэ нам жоомоо алах гээд байшингаа шатаадагийн үлгэр болохгүй байх. Бүлэглэлийн толгойлогч хэдэн том ах тун удахгүй эрх ашгаа нэгтгэнэ. Явж явж С.Баяр дээрээ очиж ойлголцож магадгүй. С.Баяраас дутахгүй менежер хийх нэг хүн байгаа нь Т.Бадамжунай. Т.Бадамжунай бол М.Энхболдын хүн. Н.Энхбаярын хаанчлалын үед Т.Бадамжунай, У.Хүрэлсүх хоёр нэлээн эвгүйтсэн. Хууль хүчний байгууллагын овоо хараанд нэлээн зовсон, байцаагдсан. Болж өгвөл л энэ хоёрыг явуулчих гээд байсан юм. Ийм хүнд үедээ энэ хоёр амьтан чинь хөтлөлцөөд хууль хяналтын байгууллагаар явж, хамтдаа зовлонгоо хуваалцан, үүрэлцэн хүнд үеийг туулсан нөхдүүд юм. Тэр үед хөрөнгө санхүү талаасаа Жунай нь Хүрэлсүхдээ их нэмэр болсон гэдэг. Тэр цагаас хойш хамгийн сайн ойлголцодог хоёр болсоныг улс төрийн хүрээнийхэн бүгд гадарлана. Иймэрхүү чөмөгтэй ах нь У.Хүрэлсүх дээр ойлголцол яриад очиход хаалгаа цаанаас нь хаачих гэж хэлж чадах уу, улс төр хэдүй увайгүй ч гэсэн. Ийм ийм нарийн ширийн зүйлс тэдний дунд их байдгийг нь бодохоор тэд эвлэршгүй дайснууд болж чадахгүй, нөмөрт нь явдаг намаа сөнөөхгүй. МАН доторх урьд хойдын явдлыг, хоорондоо үзэлцээд байгаа хүмүүсийн хэн нь хэн болохыг гадарлах жирийн гишүүд цөөн. Ард түмэн бол нийтээрээ бүр ч мэдэхгүй. Тийм болохоор нийгэм сүртэйгээр харж, сүртэйгээр ярьж бичиж байна. Та бүхний бодож байгаа бишээ, МАН-д бөмбөг дэлбэрэхгүй. Зүгээр л өөр өөрсдийнхөө “юм”-ыг авах гэсэн томчуудын шантааж. Тэрийг нь өгөх ёстой хүмүүс нь өгчих нь, угаасаа өгчихдөг нам байхгүй юу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *