Цар тахлын үеэр иргэдэд үйлчлэхгүй, эрх мэдэлтнүүдэд үйлчлээд байгаа тул ялгавартай хандах үзэгдэл бодитоор бий болж байна гэж үзэн эсэргүүцэлийн “NoDoubleStandart” хөдөлгөөн өрнөж, хөдөлгөөнийг санаачлагч Э.Одбаяр, Б.Монголхүү нарыг30 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Nodoublestandart” хөдөлгөөнийхөн иргэд, цагдаа нарын хооронд үл ойлголцлыг бий болгодог гол шалтаг, гох дэгээ болсон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтээр УИХ дээр нээлттэй сонсгол хийхийг дэмжиж өгөхийг АН-ын бүлгээс хүссэн юм. Нээлттэй сонсгол хийхэд хамгийн багадаа УИХ-ын 19 гишүүний гарын үсэг хэрэгтэй байдаг боловч “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-д нийтийн сонсгол хийхийг дэмжиж УИХ-ын 35 гишүүн гарын үсэг зуржээ. МАН-аас 24 гишүүн, АН-аас 11 гишүүн гарын үсгээ зурсан байна. Ингэснээр нээлттэй сонсгол хийх эрх нь бүрдсэн гэсэн үг. Үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хамгаалж үлдэнэ гэдэг чухал алхам.
АН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гарын үсгээ зураагүй бол МАН-аас шинэ залуу гишүүдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан Н.Учрал, Э.Батшугар, Б.Жаргалмаа, Г.Амарсайхан зэрэг 24 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан байна.
Угтаа энэ ажилд Ардчилсан нам оройлон зүтгэж, идэвхийлэн оролцож байх ёстой юм. Гэтэл хоёр гишүүн нь хээв нэг үл тоогоод өнгөрөөж байгаа янзтай. Харин МАН-д хүний эрхийн төлөө тууштай ханддаг, тууштай явдаг хэдэн залуучууд байна аа. Тэд хүний эрх, эрх чөлөөгөөрөө хохирсон асуудалд хүчтэй байр суурь илэрхийлж харагддаг. Комминуст угшилтай зүүний чигийн Ардын намаас долоон дор байх юм, Ардчилсан нам. Харин өнөө комминуст намын угшилтай МАН-ын залуу гишүүд ардчиллын төлөө санаа тавьж, гар бие оролцож байгаа нь тун сайшаамаар зүйл болж байна. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа МАН-ын гишүүн байж байгаад АН-руу орсон нэгэн. Тэрээр Гаалийн Ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа улсад гурван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан үндэслэл бүхий хээл хахуулийн хэргээр тус газрын дарга асан Х.Баатартай хамт баривчлагдаж байсан удаатай. Ардчиллыг тууштай дэмжигч Ардчилсан намын гишүүн энэ мэт зүйл дээр гарын үсгээ зурахгүй байна гэдэг үнэхээр хачирхалтай хэрэг.
Анх Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль анх 1994 онд батлагдаж, 2015 онд нэмэлт өөрчлөлт орж байсан. Уг хууль цаг үеийн шаардлага хангахгүй байгааг ХҮЭК-оос удаа дараа дүгнэж байсан удаатай. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтээр нийтийн сонсгол хийснээр оролцогч бүх талууд нэг дор цуглаж, бодит байдлыг олон нийтэд нээлттэй ярилцаж, хаана нь алдаа гараад байгааг тодруулах, бодитоор олж тогтооно. Ингэснээр шинэчлэгдэн гарах хууль иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөг баталгаатай хангах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Өмнө нь УИX-ын гишүүд албаны журмаар цагдаа, прокурор зэрэг төрийн байгууллагуудаас иргэдийн эрх зөрчигдсөн асуудлаар мэдээлэл хүсэхэд, тэдний зүгээс өөрсдийн үйлдлийг зөвтгөж, иргэдийг буруутгах гэсэн хандлагатай, гуйвуулсан мэдээлэл өгөх гээд байдаг. Тухайлбал, 461 дүгээр анги дээр болсон “No double standard” хөдөлгөөнийхөнтэй холбоотой үйл явдлуудыг олон нийтэд хэрхэн мэдээлж байгаа байдлыг харахад цагдаагийнхан болон шүүxийн шийдвэрийнхэн илт зөрөөтэй мэдээлэл өгч байсан нь тэдэнд эргэлзэхэд хүргэсэн талаар хүмүүс хөндөж л байсан.
Сүүлийн үед хүний жам ёсны эрхийг зөрчих үзэгдэл нэлээд гарах болж. Үндсэн хуулиар итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийг олгосон. Гэтэл өнөөдөр жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг. Тодруулбал, жагсаал цуглаан хийх гэж байгаа талаараа заавал Засаг даргад мэдэгдэж, түүнийгээ бүртгүүлдэг. Ингээд гурав хоногийн дотор Засаг дарга үндэслэлийг нь нягтлаад зөвшөөрөл олгодог, эсвэл зөвшөөрдөггүй. Ингэж зөвшөөрөл авч байгаа нь иргэд жам ёсны эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд хүргэж байна. Энэ бол зөвхөн бүртгүүлж байгаа болохоос биш зөвшөөрөл олгох зохицуулалт биш.
2015 онд батлагдсан хуулийн энэхүү заалт маш том ухралт. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа тохиолдолд төр тэдний аюулгүй байдлыг л хангаж ажиллах ёстой. Харин эрхээ эдэлж жагсахад нь болно, болохгүй гэж зөвшөөрөл олгодог байж болохгүй. Энэ нь манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг давсан асуудал. Иргэдэд хэзээ ч ямар ч цаг үед итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь нээлттэй орхих ёстой талаар УИХ-ын гишүүн Н.Учрал хэлж байгаа. Тиймээс тэрээр Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн.
МАН-д нам хамаарахгүй, ардчиллын төлөө зүтгэдэг олон залуучууд байгаа нь тун сайн хэрэг. МАН-ын залуу боловсон хүчин ардчиллыг тууштай дэмжиж, ардчиллын төлөө тууштай явж байгаа бахархууштай. Нам харгалзахгүй ардчиллын төлөө үгээ дуугарч яваа МАН-ын гишүүд найдвар төрүүлж байна.