2018 оны долдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолыг баталсан юм. Уг тогтоолд цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өвөлжилтийн бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, аймаг, нийслэл, сум дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлэх, бэлчээрийн даацад тулгуурлан сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжүүлэх зэргийг тусгасан байна.
Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр орон нутгийн байгууллагуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, махны экспортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг, чиглэлийг Засгийн газар өгсөн. Энэ дагуу 2018-2019 оны өвлийг өнтэй, хохирол багатай даван туулах, өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохион байгуулах, ургац хураалтын ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгэх, түүнчлэн ургацаа хамгаалах, үүсч болзошгүй цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн аймаг, нийслэлийн Засаг дарга, ЗДТГ, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, малчид, мал бүхий иргэдэд хандаж гаргасан зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН “ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” 218 ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ
Монгол орны мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх бодлого, хэрэгжилтийн үр дүнд байгалийн шалгарал, хүний үйл ажиллагаанаас хамаарсан хүчин зүйлс болох цаг агаарын дулаарал, малын тооны хэт өсөлт, нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт хохиролтой малын гоц халдварт өвчин, бэлчээрийн даац, усан хангамжийн хомсдол, бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтдын нягтрал зэрэг олон хүчин зүйлтэй тэмцэх ажлыг орон нутгийн Засаг захиргаа, мэргэжлийн байгууллагууд хамтран өргөн далайцтай зохион байгуулах, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Монгол орны цаг агаарын дулаарал. Монгол орны агаарын хэм сүүлийн 75 жилийн (1940-2015) хугацаанд 2.24 хэмээр дулаарсан, жилийн турш орох хур тунадасны хэмжээ, хуваарилалт өөрчлөгдсөн, түүнчлэн говийн бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэн нь хөдөөгийн хүн ам, мал сүрэг, газар тариалангийн усны хангамжид эрсдэл үүсгэх өндөр магадлалтай байна.
Сүүлийн жилүүдэд мал сүрэг өссөн хэдий ч бэлчээрийн даац хэтэрсэн, малын төрөл хоорондын харьцаа алдагдсан, малын чанар муудсан, малаас хүнд дамжин халдварладаг зарим өвчний тархварын байдал өргөжин, хүн, малын өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон, малын гоц халдварт өвчин шинээр болон дахин сэргэж байгаатай уялдан мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нөхцөл хязгаарлагдмал байна.
Малын тооны өсөлт, сүргийн бүтцэд гарсан өөрчлөлт. Манай улс мал тооллогын ажлыг 1961 оноос эхлэн жил бүрийн эцэст явуулж ирсэн. Тухайлбал, 1961-1990 он хүртэлх 30 жилийн хугацаанд мал сүргийн тоо дунджаар 23.1 сая толгой, хонин толгойд шилжүүлснээр 49.5 сая толгой байсан. Зах зээлийн эдийн засагт шилжиж, мал хувьчилснаас хойш малын тоо тогтвортой өсөж, 2017 оны байдлаар 66.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 110.8 саяд хүрч өссөн. Малын тоо 1961 онтой харьцуулахад 3.2 дахин буюу 45.8 сая толгойгоор нэмэгдсэн бөгөөд гол төлөв бог малын тоо өссөн байна.
Нийт малын тоонд 1961-1990 оны дунджаар ямаан сүрэг 19.5 хувийг эзэлдэг байсан бол 2017 онд 41.3 хувийг эзлэх болсон. Бог малын дотор хонь, ямааны эзлэх харьцаа 1961-1990 оны дунджаар 3 хонь, 1 ямаа гэсэн харьцаатай байсан бол 2017 оны байдлаар 1 хонь, 1 ямаа гэсэн харьцаатай болж өөрчлөгдсөн байна. Түүнчлэн малчид, мал бүхий иргэд хээлтүүлэгч малыг өөрийн хотноос сонгож тавих, шинжлэх ухааны үндэслэлгүй, нүдэн баримжаа, гадаад галбир, бие цогцсоор үнэлж, үржилд ашигласнаас малын үүлдэрлэг байдал алдагдаж, ашиг шимийн түвшин буурах, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, стандарт алдагдах, үнэлэмж буурах, улмаар эр, сувай малыг эдийн засгийн эргэлтэд оруулахгүй нас гүйцтэл тэжээх зэрэг асуудал байсаар байна.
Иймээс малын тоо, сүргийн бүтцийг зохистой хэмжээнд байлгах, төлөв байдлыг нь үнэлэх, малын нөхөн үйлдвэрлэлийг бүс нутгийн онцлог, шинжлэх ухааны үндэслэлтэй, эдийн засгийн зорилго, чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх, малын үржүүлэг, тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид хяналт тавих, түүний үр дүнг бүх шатанд үнэлж дүгнэх шаардлагатай болсон.
Бэлчээрийн талбайн хомсдол. Монгол орны бэлчээрийн талбай 2017 оны эцэст 112.1 сая га болж багассан байна. Одоогийн бэлчээрийн талбайн хэмжээг 1961 оны бэлчээрийн талбай 140 сая га байсантай харьцуулж үзвэл 19.9 хувиар буюу 27.9 сая га-гаар буурчээ. Нийт бэлчээрийн талбайн тавны нэг нь уул уурхай, хот суурин зэрэг суурьшлын болон бусад салбарт шилжсэн байна. Ингэснээр 100 га бэлчээр, хадлангийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1961 онд 32 байсан бол 2017 онд 99 болж, бэлчээрт үзүүлэх ачаалал 3.1 дахин нэмэгдсэн байна.
Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах. Манай улс 2017 оны байдлаар хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах зориулалт бүхий 43.8 мянган худагтай. Нийт худгийн 28.3 хувь буюу 13.6 мянга нь инженерийн хийцтэй, 71.7 хувь буюу 30.2 мянга нь гар худаг байна. Нийт худгийн 70 гаруй хувь нь хүчин чадал багатай энгийн уурхайн худаг байгаа нь нэг цэг дээрх малын бөөгнөрөл хэт их болж цэгэн цөлжилт, бэлчээрийн талхагдал үүсч байгааг судалгаагаар тогтоожээ.
Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг. УИХ-ын 2010 оны 23 дугаар тогтоол “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 3.4.1.2 дахь хэсэгт “… нийт бэлчээрийн 10-аас доошгүй хувийг улс, аймаг, сумын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч цаг хүндэрсэн үед ашиглах”-аар заасан байдаг.
Улсын тусгай хэрэгцээний аймаг, дундын отрын бэлчээрийн талбайн хэмжээ 783 мянган га буюу нийт талбайн нэг хувь, аймаг, сумын отрын нөөц бэлчээрийн талбай 5 сая 439 мянган га буюу нийт талбайн ердөө 4 хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар отрын 9 бүс нутагт жилд ойролцоогоор 500-700 мянган толгой малыг өвөлжүүлэх боломж байна.
Ган, зуд, цаг агаарын бэрхшээл тохиолдсон үед нийт малынхаа 10 хувь буюу 5-6 сая малыг отрын бүс нутагт өвөлжүүлэх, хаваржуулах бодлого, төлөвлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлага бий болсон.
Бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй мэрэгч амьтадтай тэмцэх. Байгаль цаг агаарын байдлаас хамааран үлийн цагаан оготнын үржил 4 сараас эхэлдэг, 5-8 дугаар сард илүү идэвхжиж, малын тарга хүч авах хугацаанд бэлчээрийн ургамалд хөнөөл учруулдаг. Энэ амьтан нь газрын гадарга дээрх ургамлыг үндсэнд нь ойрхон зулгааж идсэнээр ургамлын үндсийг гэмтээж хөрснөөс шимт бодис авах боломжийг хязгаарладаг, ургамлын ургалтыг сааруулан улмаар зогсоодог хөнөөлтэй.
Монгол орны уулын хээрийн ба тал хээрийн бүсийн 40 сая га талбайд үлийн цагаан оготно тархсан бөгөөд энэ амьтны тархалтын хүрээ нь Монгол Алтай нуруу руу тэлэх хандлагатай байгааг эрдэмтэд анхааруулж байна. Харин Монгол орны уулархаг нутаг буюу үлийн цагаан оготнын тархац харьцангуй сийрэг газраар зонхилон нийт 5 сая га бэлчээрийн талбайд царцаа тархсан байна. Нийт бэлчээрийн 45 сая га талбай нь үлийн цагаан оготно болон царцааны хөнөөл учруулах бүс нутаг болоод байна.
Манай орны мал аж ахуйг хөгжүүлэх бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн арга хэмжээг шинэлэг байдлаар авч үзэж, зохион байгуулах хэрэгцээ, шаардлага, шинэ нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж байна.
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ:
– Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолоор Засгийн газрын нөөц сангаас аймгуудад олгосон мөнгөн хөрөнгийг аймгийн ИТХ, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн тогтоолд заасан арга хэмжээнд зарцуулах бөгөөд зарцуулалтын тайланг 1 дүгээр хавсралт дахь хүснэгтийн дагуу гаргаж ирүүлэх;
– Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангуулах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, мэргэжлийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон ажиллуулж цагийн байдлыг үнэлж, хэрэгжүүлж байгаа ажилд зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч ажиллуулах;
– Тогтоолд заасан тоо хэмжээнд аймаг, нийслэлийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бэлтгэх ба өвс, тэжээлийн үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, орон нутаг дахь тэжээлийн үйлдвэрүүдтэй ургац хураалтаас өмнө гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах;
– Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авах өвсний чанар, жин, нягт зэрэгт онцгой анхаарч ногоон буюу 1 дүгээр зэргийн, 18-20 кг-аас доошгүй жинтэй, өндөр нягтралтай боосон өвсийг нөөцлөх;
– “Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу малчид, фермерүүдийн түвшинд бэлтгэх өвс, тэжээлийн тооцоог гаргаж, 2 дугаар хавсралт дахь хүснэгтийн дагуу өрх бүрээр нэг бүрчлэн хүлээж авах ажлыг зохион байгуулах;
– Мал сүрэгт намрын үзлэг ангилалт, заазлалтыг технологийн хугацаанд чанартай зохион байгуулах, стандартын шаардлага хангасан сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх;
– Аймаг, сум, багийн хэмжээнд байгаа малын тоог нарийвчлан гаргах, бэлчээрийн даац багтаамжийг үнэлж, дүгнэлт өгөх, ямаан сүргийн тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан цөөрүүлэх арга хэмжээ авах;
– Баталгаажсан үүлдэр, омгийн малын генофондыг хамгаалах, хээлтүүлэгч малыг онд бүрэн оруулахад онцгойлон анхаарах, бог малын хээлтүүлэгчийг үржлийн ажил үйлчилгээний нэгжид шилжүүлж, мэргэжилтний хяналтад авах ажлыг эрчимжүүлэх;
– Ялган төвлөрүүлсэн хээлтүүлэгчийг онд мэнд оруулах нөхцөлийг хангаж, худаг, уст цэг, өвөлжөө, хаваржаа зэрэг материаллаг баазын асуудлыг шийдвэрлэх, үр дүнг тооцох;
– Бэлчээрийн ургац, малын тарга хүч авалтын байдалтай уялдуулан шинээр хээлтүүлэгт орох малын тоог тогтоох, өнжөөх чиглэл барих;
– Аль аймаг, сумын отрын бүс нутаг уруу нүүдэл хийх тухай тодорхой төлөвлөгөө боловсруулж, отрын бүс нутгуудад орох малыг үзлэг, шинжилгээнд хамруулах, хоёр талын гэрээ байгуулан малын өвчний эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээг нэн яаралтай зохион байгуулж, шилжилт хөдөлгөөн хийх замын зураглалыг тодорхой болгож ажиллах;
– Статистик мэдээ, судалгаа, тооцоог үндэслэн мал, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрүүдэд мах нийлүүлэх, хүнсэнд хэрэгцээлэх махны нөөцийн тооцоо, өвөлжих малын урьдчилсан тоог аймаг, сум, багийн түвшинд гаргаж, эр сувай малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай саналаа 2018 оны 08 дугаар сарын 20-ны дотор ХХААХҮЯ-нд ирүүлэх;
– Орон нутаг дахь улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газраас хадлан хадах, өвөл, хавар отор нүүдэл хийх тухай зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хил хамгаалах ерөнхий газраас авах;
– Хадлан бэлтгэх газар, нутгийг малчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хуваарилах, говийн болон бусад аймгуудад хадлан бэлтгэх газар, нутаг олгоход дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
– Ган, зуд тохиолдсон үед аймаг, орон нутгийн нийт малын 10 хүртэл хувийг отрын нөөц бэлчээрт өвөлжүүлэх, хаваржуулах бодлого, төлөвлөлтийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
– Мал, амьтны халдварт өвчний дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх бэлэн байдлын чадавхийг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах;
– Малын халдварт, гоц халдварт өвчин гарч болзошгүй байгаа энэ цаг үед мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, боловсруулалт, угаалгын ажлыг технологит хугацаанд нь багтаан, технологийн дагуу чанартай гүйцэтгүүлж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
– Мал сүргийг паразитаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж, өвөлжөө, хаваржааг ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу шуурхай гүйцэтгэх талаар үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг хангуулж ажиллах;
– “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2 буюу “Нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, худалдах, төхөөрөх зорилгоор мал, амьтныг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх”, мөн хуулийн 7.4.3 буюу “Өөр сум, дүүргийн нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэх” гэсэн заалтуудын дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;
– “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 буюу “Мал эмнэлгийн үйлчилгээний дараах зардлыг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ” гэсэн заалтыг мөрдөж ажиллах;
– Ургацын урьдчилсан балансыг тогтоох, тогтоосон ургацыг хүний буруутай үйл ажиллагааны улмаас бууруулахгүй байх талаар тариаланчид, малчдын хамтын ажиллагааг сайжруулах, ургацын штаб байгуулан ажиллаж, Улсын ургацын штабтай хамтран шуурхай ажиллах;
– Үрийн хянан баталгааг хийлгэж, эхний ээлжинд чанар сайтай үр нөөцлөх талаар аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг зохион байгуулах;
– Ургац хураалтын техникийн засварыг чанартай гүйцэтгэж дуусгах, дилер аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, шаардлагатай сэлбэг, хэрэгсэл нийлүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
– Үтрэм, элеватор, зоорийн засварыг дуусгах, ариутгал халдваргүйжилтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх, борооны ус орохоос сэргийлж хамгаалалт хийх, үтрэмийн талбайг цэвэрлэж, ургац хүлээн авах шаардлагад нийцүүлж бэлтгэх;
– Аадар бороо, үерийн улмаас эвдэрсэн зам гүүрийг засварлах зардлын тооцоог гаргах, зам гүүр засварлах ажилд орон нутгийн нөөц бололцоог дайчлан зохион байгуулахад мэргэжлийн байгууллагад тусалж хамтран ажиллах, ургац хураалтад шаардлагатай хүний нөөцийн тооцоог гаргаж орон нутгийн иргэдийг зохион байгуулан оролцуулахад анхаарч ажиллах;
– Нефть импортлогч болон тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжтэй хамтран ургац хураалтын ажлыг сааталгүй явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах;
– Хур бороо ихтэй байгаагаас ургац хураалтын үед болон хураалтын дараа үтрэмийн ажилд учирч болох эрсдэлийг тооцож, эрдэм шинжилгээ, судалгаа, мэргэжлийн байгууллагууд, туршлагатай тариаланчдын тусламжтайгаар ургац хураалтын технологийн зөвлөмжийг боловсруулан сурталчлах;
– Ургац хураалтын үед гарах хүнсний ногооны иш навчийг талбайд хаялгүй тэжээлд нөөцлөх, даршлах, нийслэл, аймгийн төв, томоохон суурин газарт шинэ ургацын төмс, хүнсний ногоо борлуулах ажлыг зохион байгуулах.
-АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ:
– Тухайн аймаг, сумын ЗДТГ-ын өмчид байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан өрөмдмөл худаг нэг бүрийн ашиглалтын байдалд үнэлэлт, дүгнэлт өгч засвар, шинэчлэлтийн ажлын төлөвлөгөө гаргаж ажиллах, малчдын болон малчдын бүлгүүдийн эзэмшиж буй худгийг хамтран ашиглах гэрээ байгуулах замаар малыг усаар хангах ажлыг хяналтад авах;
– Зарим бүс нутаг дахь малчдын тархалт, суурьшлын сийрэг байдал нь нэг хэсэг бэлчээрийг хэтрүүлэн ашиглах, нөгөө хэсэг бэлчээрийг огт ашиглахгүй болон бага ашиглалттай байгаад анхаарал хандуулж, бэлчээрийг зохистой, хуваарьтай ашиглах, ашиглалтгүй болон бага ашиглалттай байгаа шалтгааныг тогтоох ажлыг зохион байгуулах;
– Аймаг, сум, багийн түвшинд бэлчээр ашиглалтын хуваарилалт, хязгаарлалт, худгийн ашиглалт, хамгаалалтын тогтолцоо бүрдүүлэх, тэжээл бэлтгэх зэрэг ажлыг нягт уялдаатай, төлөвлөгөө гарган ажиллах;
– Бэлчээр ашиглалтын асуудал нь уст цэгүүдийн байршил, нягтралтай шууд холбоотой юм. Бэлчээр ашиглалтын одоогийн байдалд байр зүйн гажуудал ихээхэн ажиглагдаж, тодорхой хэдэн уст цэгийн бэлчээрийг хэтрүүлэн ашиглах байдал газар авч байна. Иймээс бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх усжуулалтыг сайжруулах, ашиглалтгүй болон бага ашиглалттай бэлчээрт тогтвортой ашиглах уст цэгийг бий болгох арга хэмжээ авч ажиллах;
– Хур бороо, үерийн усыг хуримтлуулан ашиглах талаар иргэд, малчдын идэвх санаачилгыг өрнүүлэн ажиллаж, бэлчээрийн усан хангамжийг хямд төсөр аргаар нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАРТ:
– Бүс нутгийн онцлогт тохирсон баталгаажсан үүлдэр, омгийн малыг сайжруулагчаар ашиглах, стандартын шаардлага хангахгүй малыг үржлээс хасах, заазлах, хээлтүүлэгч малын хүрэлцээ хангамжийн судалгааг нарийвчлан гаргах;
– Аймаг, сумын хэмжээнд богийн хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог нарийвчлан гаргаж, дутагдах хээлтүүлэгчийг нөхөн тавих ажлыг мал хээлтүүлгийн ажлын өмнө зохион байгуулах, нэг хээлтүүлэгчид ногдох хээлтэгчийн тоог 70-аас хэтрүүлэхгүй байхаар тооцох;
– Нийлүүлгийн улирал эхлэхээс өмнө үржлийн малыг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах;
– Үржлийн малын худалдаа, солилцоо, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, дутагдаж буй хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, хяналтад байгаа эрүүл бүсээс нийлүүлэхэд онцгойлон анхаарах;
– Орон нутгийн хэмжээнд олдоц сайтай түүхий эдүүдийг ашиглаж, мал тэжээж, сувилах талаар малчид, мал аж ахуй эрхлэгчдэд сурталчлах;
– Аймаг, сумын түвшинд хонь, ямаа, үхрийн 25-30 хувь, тэмээний 5 хувь, адууны 3 хувийг нэмэгдэл тэжээлд оруулахаар тооцох, тэжээлийн хэрэгцээг тооцохдоо төрөл бүрийн малыг хонин толгойд шилжүүлэх бөгөөд бодын төлийг 1.4, богийн төлийг 0.2 гэсэн итгэлцүүрийг ашиглах;
– Адуу өдөрт биеийн жингийн 2, үхэр 3, хонь 3.75, ямаа 3.5 хувьтай тэнцэх хэмжээний өвс идэж байх шаардлагатай бөгөөд энэ жишгээр тооцвол 400 кг жинтэй адуу өдөрт 9 кг, 300 кг жинтэй үхэр 10.5 кг, 30 кг жинтэй хонь 1.3 кг, мөн жинтэй ямаа 1.2 кг хуурай өвс идэх шаардлагатайг анхаарч, тэжээх малд шаардагдах нэмэлт тэжээлийн тооцоог гаргах;
– “Гар аргаар тэжээл бэлтгэх аян”-ыг өрнүүлэх, олон нийтийн арга хэмжээ болгон зохион байгуулах, үр дүнг тооцох, бэлтгэсэн тэжээлийг чанар аюулгүй байдлыг алдагдуулахгүй, горимын дагуу зөв хадгалж, хамгаалахад мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх.
МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ:
– Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих чиглэлээр нарийн төлөвлөгөө гарган, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;
– Мал, амьтны халдварт өвчний дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх бэлэн байдлын чадавхийг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
– Махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор импортлогч орны эрх бүхий байгууллагын хүсэлтээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран махны үйлдвэрүүдэд аттестатчилал хийх ажлыг зохион байгуулах;
– Мал эмнэлгийн төлөвлөгөөт арга хэмжээний биелэлтийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлэх.
МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭДЭД:
– Гар худгийг орон нутгийн малчид, иргэд хариуцан эзэмшдэг. Малчдын өвөлжөө, хаваржаан дахь гар худгийн бүтээмж харьцангуй бага, мал услах дундаж ундарга нь 0.2 л/сек, энэ ундаргаар 1-2 айлын 500 толгойгоос ихгүй тооны малыг услах боломжтой. Харин бодит байдал дээр 5-6 айлын 1500 толгой, зарим газарт 10-аас дээш айлын 2500 толгой мал услах тохиолдолд ойр орчмын бэлчээр ихээхэн талхлагдаж, өвөл, хаврын улиралд олон малыг усаар хангах боломж хязгаарлагдмал гэдэгт анхаарал хандуулж ажиллах;
– Монгол Улсын “Худгийн цооног өрөмдөх, тоног төхөөрөмж суурилуулах ажилд тавих техникийн шаардлага” MNS 6088:2010 стандартад “… өрөмдмөл худгийн цооног ашиглалтын ундарга нэг цагт 2 м3-6 м3 ус өгөх хүчин чадалтай байна …” гэж заасан. Ийм хүчин чадалтай худгаас нэг цагт 400 толгой малыг, өдөрт 3200 толгой малыг услах боломжтой тул бодит байдалд зохицсон мал аж ахуй эрхлэх;
– Малын халдварт, гоц халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгчид товлосон хугацаанд мал, амьтныг бэлэн байлгаж, бүрэн хамруулах;
– “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 буюу “Малчин, амьтан маллагч, мал, амьтан өмчлөгч малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм худалдан авах, хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг мөрдөх;
– Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол ашиглан, цаг агаарын тааламжгүй үед мал сүргээ ойрын бэлчээрт хариулах;
– Шаардлагатай тохиолдолд хүн, малд тусламж үзүүлэх эмийн сантай байх, хүрз, зээтүү, жоотуу, царил, гаапуу зэрэг багаж хэрэгслийг бэлэн байлгах;
– Мал сүрэгт намрын үзлэг, ангилалтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, хэрэгцээний сүрэгт хамрагдсан малыг зах зээлд нийлүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах;
– Өөрсдийн мэдэлд байгаа хуц, ухныг тодорхой нөхцөлөөр мэргэжлийн ажил үйлчилгээний нэгжид гэрээ, түрээсийн хэлбэрээр шилжүүлэх чиглэлийг барих, дутагдаж буй хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллага, мэргэжилтний зөвшөөрөлгүй өөр аймаг, сумаас худалдан авч шилжилт хөдөлгөөн хийхгүй байх;
– Охин төлөг, борлонг хээлтүүлэгт оруулахгүй өнжөөх, нэг хуц, ухнад 70-аас доошгүй толгой эм хонь, ямаа ногдохоор тооцож, хээлтүүлгийн ажлыг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу зохион байгуулах;
– Бүс нутгийн онцлогийг харгалзан өвөлжих, хаваржих бэлчээрийн малд зориулж хадлан тэжээл бэлтгэх, ус, хашаа байраар хангах, малыг байгалийн эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх;
– Эрчимжсэн мал аж ахуйн малд ашиг шимийн чиглэл, биологийн онцлогт тохирсон арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологи мөрдөх, малыг өлдөөхгүй байх, аюулгүй нөхцөлөөр хангах арга хэмжээг зохион байгуулах.
ХХААХҮЯ-НЫ МАЛ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАРТ:
– Уг тогтоолын заалт тус бүрийн болон зөвлөмжийн хэрэгжилтийг аймаг, нийслэлээс 2018 оны 10 дугаар сарын 20-ны дотор хүлээн авч нэгтгэн, үнэлэлт дүгнэлт өгч, тооцоо судалгаа гаргаж, цаашид авах арга хэмжээний төслийг бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах арга хэмжээ авах;
– Тогтоолын хэрэгжилтийг хангах талаар гаргасан зөвлөмжийн зарим хугацаа заасан арга хэмжээний биелэлтийг энэ оны 08 дугаар сарын 20-ны дотор аймаг, орон нутгаас хүлээн авах ажлыг зохион байгуулах,
– Аймаг, орон нутгаас ирүүлсэн мэдээ, тайланг нэгтгэн үнэлэлт, дүгнэлт өгч дараагийн шатны арга хэмжээг хэрэгжүүлэх Сайдын албан даалгаврын төсөл бэлтгэж, танилцуулах ажлыг 09 дүгээр сарын 05-ны дотор зохион байгуулах.
Засгийн газрын 218 дугаар тогтоолын биелэлтийг зөвлөмж, албан даалгавар гарган хэрэгжүүлнэ. Тогтоолын хэрэгжилтийг хоёр үе шаттай зохион байгуулна. Тухайлбал:
Эхний үе шатанд мал, махан бүтээгдэхүүний экспорт, дотоодын үйлдвэрүүдэд мах нийлүүлэх, хүнсэнд хэрэгцээлэх махны нөөцийн тооцоог аймаг тус бүр нэгтгэн ирүүлэх ба өвөлжих малын урьдчилсан тоог аймаг, сум, багийн түвшинд гаргаж, эр сувай малыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай санал, ургацын урьдчилсан баланс, ургац хураах ажлын бэлтгэл хангагдсан тухай мэдээллийг бүрэн авах ажлыг зохион байгуулна.
Дараагийн үе шатанд дээрх урьдчилсан тооцоо, мэдээллийг үндэслэн мал, мах бэлтгэлийн ажлыг хийж, экспорт, дотоодын хэрэгцээг тасралтгүй хангах ажлын зохион байгуулалт, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг бүрэн хангах арга хэмжээг албан даалгавар хэлбэрээр хэрэгжүүлнэ.
Тогтоолыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж өвөл, хаврыг өнтэй давна гэж Та бүхэнд итгэж байна.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Б.БАТЗОРИГ