Categories
гадаад мэдээ

Малта аралд 43 хэм хүрч халжээ

Наймдугаар сараас хойш нийт 600 гаруй ой хээрийн түймэр гарсныг Грекийн засгийн газраас мэдээлсэн юм. Тус улсад сүүлийн 30 жилд тохиогоогүй хэт халалт үүсч, улсын ихэнх хэсгээр 42-45 хэм хүртэл халаад байгаа билээ.

Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис өнгөрсөн пүрэв гаригт ойн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлав. Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Бид галын гамшгаас олон мянган иргэнээ аварч чадсан боловч байгаль орчинд нөхөж баршгүй гарз хохирол учирлаа. Уур амьсгалын хямрал нүүрлэж буй тул эдийн засгийн чиг баримжаа, эрчим хүчний бодлогодоо өөрчлөлт оруулах болно. Мөн байгаль орчинд чиглэсэн төр засгийн үйл ажиллагаа, иргэдийн хандлага өөрчлөгдөх ёстой” гэсэн юм. Түүнчлэн галын гамшиг цаг уурын шалтгаанаас гадна хүний санамсаргүй болон санаатай үйлдлээс бий болсныг онцлоод, гал тарьсан хэргээр хэд хэдэн хүнийг шалгаж байгаа” гэжээ.

Испани улсад өнгөрсөн даваа гаригаас хойш цахилгаан эрчим хүчний төлбөр бараг өдөр болгон шахуу хамгийн өндөр үзүүлэлттэй гарч байна. Учир нь нийслэл Мадрид болон бусад хотуудад 40 хэм хүртэл халж байгаагаас иргэд агааржуулагчийг ихээр хэрэглэж буй аж. Тус улсын зүүн хойд хэсэгт орших Таррагона мужид гарсан ойн түймрийг унтраахаар өнгөрсөн пүрэв гаригт хэдэн арван гал сөнөөгч, ус шүршигч дөрвөн нисдэг тэргийг дайчилжээ. Тус түймрийн улмаас 40 га талбай дархан цаазат ой хээрийн бүс сүйдсэнийг орон нутгийн албанаас мэдээлэв. Мөн дарс үйлдвэрлэгч Ла Риожа, зүүн хойд хэсгийн Сарагоса мужуудад жижиг хэмжээний ойн түймэр гарсан байна.

Албани улсын Батлан хамгаалах яам өнгөрсөн Баасан гаригт ой хээрийн түймрийн талаар мэдэгдэл хийв. Тус яамнаас мэдэгдсэнээр орон даяар зургаан удаагийн ой хээрийн түймэр гарсан ч нөхцөл байдлыг хяналтдаа авчээ. Мөн Европын хойд хэсэгт байрлах Малта арал халуунд нэрвэгдэж, зарим газраар 43 хэм хүрсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *