Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Залуу малчдын туршлага солилцох зөвлөгөөн”-ийг 10 дугаар сарын 04-05-нд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд 18 сумын 100 гаруй залуу малчин оролцож, төрөөс болон орон нутгаас малчдын талаар баримталж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар нэгдсэн ойлголт авсан юм. Мөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас шаардлагатай мэдээлэл өгөв.
Зөвлөгөөнөөр Монгол Улсын аварга малчин А. Лундаажанцанмал маллагаа, амьдрах ухааны туршлагаа хуваалцсан бол Монголын үг урлаачдын нийгэмлэгийн хүмүүнлэгийн лектор Г.Бандицэрэн “Гэр бүл амьдралын үнэ цэнэ”-ийн талаар оролцогчидой ярилцсан юм.
Аймгийн ХХҮГ-аас “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цөөн малтай залуу гэр бүлд тодорхой тооны мал худалдан авахад нь гурван жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй дэмжлэг үзүүлж байна.
Үүнд 63 малчин өрх хамрагдаж, 270 гаруй сая төгрөгөөр мал худалдан авчээ. Малчид гэр бүлийн хамт сургалт, зөвлөгөөнд хамрагдаж мал маллах арга туршлагаас суралцаж байгаа юм. Түүнчлэн Ноосны үйлдвэр, Мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд яаж оруулж байгааг газар дээр нь сонирхлоо.
Залуу малчдад өвөлжилтийн бэлтгэлээ хангахад нь дэмжлэг үзүүлж, малын хивэг, тэжээлийг олгосон байна.