Мали улсын нийслэл Бамако хотын Radisson Blu зочид буудалд зэвсэглэсэн исламын дайчид баасан гаригийн орон нутгийн цагаар өглөөний долоогийн үед 170 хүнийг барьцаалжээ. Коран судраас иш татаж чадсан зарим нэг хүмүүсийг тэд эхлээд суллан гаргажээ. Энэ довтолгоон Парист хийсэн террортой холбоотой байж болох юм. Арваннэгдүгээр сарын 13-ны цуст хэргийн дараа дөнгөж долоо хоног өнгөрч байхад францчууд буудалсан буудлыг исламынхан эзэллээ.
Террористуудын довтолгооны бай болсон Radisson Blu буудал нь засгийн газрын болон бизнесийн офисуудын районд байрладаг ажээ.
“АК-47 автоматаар зэвсэглэсэн исламын дайчид өглөөний долоон цагийн үед дипломат дугаар бүхий машинуудаар Radisson Blu Hotel буудалд хүрэлцэн ирцгээсэн” гэж НҮБ-д суугаа Малийн төлөөлөгчдийн газрын хэвлэлийн төлөөлөгч Оливер Сальдаго хэлснийг CNN дамжууллаа. Хичнээн тооны террористууд байсан талаарх нарийн мэдээлэл байхгүй. Эхлээд арван дайчин байсан гэх мэдээ гарсан юм. Харин уг буудлын эзэн хэт даврагчдыг хоёулаа гэж албан ёсоор мэдээлсэн юм.
Гэрч нарын яриагаар дипломат дугаартай машин хамгаалалтын албаныханд сэжиг төрүүлээгүй гэнэ. Буудлын дэвсгэрт нэвтэрсэн хойноо тэд «Аллах акбар!» гэж хашгиран гал нээж эхэлжээ. Буудлыг эзлэх үеэр наад зах нь есөн хүн амь үрэгдэж, хоёр хамгаалагч шархаджээ. CNN мэдээлснээр террористуудын суманд нэг франц, хоёр Мали хүн амь үрэгдсэн гэнэ. Reuters агентлагийн өндөр тушаалын эх сурвалж хэлснээр, Карон судраас иш татаж чадсан зарим хүмүүсийг тэд чөлөөлсөн байна.
Хэсэг хугацааны дараа буудлын ойр орчимд дэлбэрэлтийн сонсогдож эхлэв. Бөмбөгийг Air France компанийн ажилтнууд байрласан долоон давхарт дэлбэлсэн бололтой. Орон нутгийн сэтгүүлчдийн яриагаар тэд шууд л долоон давхарт гарчээ. Үүнээс харвал тэд Парисын террорын дараа Францын цагдаа нарын явуулж байгаа ажиллагаанд хариу болгон өшөө авалт хийлээ гэх санааг төрүүлж байна. Парист террор хийгээд дөнгөж долоо хоног болж байгаа нь тэр санааг бататгаж байгаа мэт.
Удалгүй хэрэг гарч буй газарт цагдаа нар, аврагчид түргэний эмч нар ирцгээв. Цагдаагийнхан шууд л буудлын орчныг хяналтаа авсан гэнэ. Өглөөний найм хагасын орчим Малийн цэргийнхэн НҮБ-ын энхийг сахиулагч нарын хамт буудлыг дайран эзлэх ажиллагааг эхлүүлсэн байна.
Барьцааны 170 хүний 140 нь буудалд буусан зочид, 30 нь буудлын ажилчид байлаа. Барьцааны хүмүүсийн дунд АНУ, Франц, Турк, Хятад зэрэг гадаадын олон хүн байна. Air France компанийн төлөөлөгч хожим тайлбар хийснээр тэнд буудалласан 12 ажилтныг нь армийнхан чөлөөлсөн ажээ.
Turkish Airlines компанийн долоон ажилтан буудалд байсны гурав нь зугтан гарч чадсан ба өөр хоёрыг нь цэргийнхэн чөлөөлжээ. Өөр хоёр хүний талаар мэдээлэл алга гэж тус компани мэдэгдлээ.
Хятадын жуулчдаас наад зах нь долоон хүн барьцаалагджээ. Тэдний нэг нь видео зураглал авсан байв.
Удалгүй буудалд Энэтхэгийн 20 хүн, Хятадын 10 хүн, Туркийн Turkish Airlines компанийн зургаан хүн байсан нь тодорхой боллоо. Мөн тэнд Африкийн Гвинейн жаазын дуучин Секуба Бамбино түүний хамтлагийнхан байжээ. Дуучны шүтэн бишрэгчид чөлөөлөгдсөн хүмүүсийн дундаас Секубаг олж харснаа бичиж байна.
Бүслэлт ба дайралт
Буудалд хүмүүс барьцаалсан мэдээлэл авсан даруйдаа тусгай хүчнийхэн тийшээ хүрэлцэн очиж, буудлыг бүслэн хаалаа. Онцгой байдлын талаар Чад улсад бүс нутгийн уулзалттай байсан Малийн ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейтад мэдээлсэн байв. Ерөнхийлөгч айлчлалаа зогсоон эргэн ирэв.
Тэр цагаар хүчнийхэн буудлыг дайран барьцааны хүмүүсийг чөлөөлөхөөр шийдсэн байна. Эхний шатанд тэд нэгдүгээр давхраас барьцааны наян хүнийг чөлөөллөө.
Чөлөөлөгдсөн хүмүүсийн яриагаар, террористууд хоорондоо англиар ярьж байсан гэнэ. Тэр нь тэдний дунд гадаадын хүмүүс байсан гэх сэжгийг төрүүлжээ. Дуучин Бамбино хажуугийн өрөөнд нь нигери аялагтай англи хэлээр терроистууд харьцаж байсан гэж ярьжээ.
Хүчнийхэн нийт 190 өрөөтэй буудлыг давхар давхраар чөлөөлөн урагшилж, барьцааны хүмүүсийг чөлөөлж дуусаад есөн давхарт нь террористуудтай буудалцсан байна. Буудлаас 18 хүний цогцос олдсон гэх мэдээлэл байгаа. Албан ёсоор барьцааны гурван хүн амь үрэгдсэн гэж мэдээлэв. Үүнээс илүү хүмүүс үрэгдсэн гэх таамаг байгаа юм.
Исламчуудын довтолгоон олон нийтийн сүлжээний гол сэдвийн нэг болж байна. Малийн Дотоод хэргийн яамны мэгдсэнээр, Америкийн компанийн 73 ажилтанг хүчнийхэн чөлөөлсөн ба өөр 20 америкчууд тэндээс зугтан гарч чаджээ. Буудлын суугчид хэсэг бүлгээрээ гарч ирцгээж байна. Зарим нь шархдан цаг их алдсан байжээ. Бүх барьцааны хүмүүсийг чөлөөлсний дараа буудлаас 18 хүний цогцос олдсон мэдээлэл бий. Сүүлийн мэдээгээр нийт 22 хүн амь үрэгджээ.
Буудалд халдсан хэргийн хариуцлагыг Алжирийн террорист Мохтар Бельмохтар гэгчийн үндэслэн бий болгосон “Аль-Мурабитун” гэх бүлэглэл өөртөө авлаа. Тэднийг “Исламын улсад” нэгдэн тангарласан гэх мэдээ бий. Зарим эх сурвалжаар тэр бүлэг “Аль-Каида” бүлгийнх аж.
Баруун Африкийн талаар мэргэшсэн шинжээчид тэндхийн террорист бүлэгийнхэн хоорондоо ялгаж салгах аргагүйгээр нийлснийг хэлж байна.