Categories
гадаад мэдээ

Мали улсад 300 гаруй гэмгүй иргэнийг цаазлав DNN.mn

Малигийн арми таван өдрийн дотор 300 гаруй хүнийг цаазалсан байж болзошгүйг “Reuters” агентлаг мэдээллээ. Энэ хэргийн талаар “Human rights watch” байгууллага өчигдөр /2022.04.05/ мэдэгдсэн боловч Мали улсын арми үгүйсгэж байгаа.

Мали улсын Мопти мужид орших 10 мянга орчим оршин суугчтай Моура хотод гуравдугаар сарын 27-31-ний хооронд энэ хэрэг болжээ. Моура хот нь хэт даврагчдын үйл ажиллагаа ид эрчимжиж буй халуун цэг юм. “Энэ хэрэг бол Мали улсад 10 жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөний түүхэнд тохиолдсон хамгийн аймшигтай харгислал юм” гэж “Human rights watch” мэдэгдэв. АНУ, Европын холбоо, Франц, Герман зэрэг орнууд цаазаар авах ялыг буруушааж, бие даасан мөрдөн байцаалт явуулахыг Малигийн засгийн газарт уриалжээ.

Малигийн арми уг мэдээллийг үгүйсгэж буй хэдий ч гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл, “Мали болон орос хэлээр ярьдаг цэргүүд нисдэг тэргээр ирж, исламист дайчид руу хоёр удаа гал нээсэн. Үүний улмаас босогчид, цэргүүд болон энгийн иргэдийн амь үрэгдсэн” гэжээ. Цэргүүд дараа нь хот руу дайран орж олон зуун энгийн иргэнийг гэрээс нь гаргаж, ойролцоох голын эрэг дээр цуглуулсан гэв. Тэдгээр хүмүүсийг таван өдрийн турш гадаа тамласны эцэст цаазалж, гурван булшинд хувааж булсан гэж “Human rights watch” мэдээллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр уг ажиллагаанд оролцсон цэргүүдийн олонх нь орос хэлээр ярьж байсан гэжээ.

Мали улсын одоогийн засгийн газар нь 2020 онд болсон цэргийн эргэлтээр засгийн эрхийг гартаа авсан. Тэд Оросын Вагнер группын харъяа цэргийн гэрээт компаниудын тусламжтайгаар босогчидтой тэмцэж байгаа юм. Малигийн колоничлогч байсан Франц улс сүүлийн 10 жилийн турш тус улсад цэргээ байрлуулсан. Гэвч энэ оны эхээр Оросын цэргүүд орж ирсэнтэй холбоотойгоор хоёр улсын харилцаа муудаж цэргээ татаад байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *