Categories
мэдээ цаг-үе

Малчны хотонд нялх төлийн дуу цангинаж байна


Аргалын удамт хонин сүрэг маань

Алагланхан сувдранхан өсөж байна

Халзан цагаанхан хурганууд нь хө

Хашаа дүүрэн тоглонхон байна…

Хөндийн цас хайлаад, бор шаргал толгодын нар ээсэн энгэрээр нялх хурганууд эхийгээ даган тонгочиж, малчны хотонд төлийн дуу цангинаад л, мөнх тэнгэрийн дор мянга мянган жил айлчилдаг урин хавар Монголын сайхан оронд иржээ.

Улаанбаатар хотоос урагш гарч давхисаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байх Оорцог уулын энгэрт хаваржиж буй малчин айлыг чиглэн жолоогоо заллаа. Аргалын утаа боргилсон малчны уяан дээр эмээлтэй хазаартай морь, хотоо манан соотолзох хоточ халтарыг эс тооцвол эзгүй байлаа. Энэ бол 30 гаруй жил буянт малаа өсгөн аж төрж буй энгийн нэгэн малчин айл болох Д.Чинбат гуайнх аж. Цаад уулын энгэрээр хонио эргүүлж явсан хүү биднийг хараад, нааш чиглэн хурдан хурдан алхсаар ирлээ. Бид ч түүнийг чиглэн гэлдэрсээр тосон очоод мэнд мэдэн энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Хүү тэр даруй аймгийн төв орохоор явсан ээж рүүгээ утас цохиж учрыг дуулгахад, ээж нь одоо төвөөс гарах гэж байна, хүлээнэ гэвэл бололгүй яахав гэдэг хариу хэлэв. Харин аав энүүхэн урдаас үхэрээ туугаад ирж байгаа, одоо нэг ямаа ишиглэх гэж байгаа, бас хоёр хонь хургалах гээд хэвтсэн байна. Шинэ хурга, ишигний зураг дарах уу хэмээн найрсгаар биднийг угтах хүү бол энэ айлын хамгийн бага хүүхэд бөгөөд аймгийнхаа ТЭМС-ийг дөнгөж төгсөөд ирсэн Ч.Чойсүрэн аж.

Бид гэрийн эзэгтэйг хүлээнгээ, цааш явж малын бэлчээрт аавтай нь уулзлаа. Эднийх энэ жил нийтдээ 300 шахам төл авахаас 40-өөд хонь хургалсан бөгөөд хургалсан хонио хургатай нь хойд уулаараа бэлчээчихэж, харин их хонь нь баруун урагшаа бэлчээрт гарсан байв. Нарны илч буурч байсан тул биднийг очиход бэлчээрээс их хонь нь наашилж байгаа тэр аж. Хонины захад очиход ишиглэх гэж байсан ямаа нь хоёр ихэр ишиг гаргачихсан, ишгэнүүдээ долоож байна, хажууханд нь мөн нэг хонь биднийг очихдоо зэрэгцэн хургалж байв. Төв удалгүй хурга эхдээ долоолгож, тэнцээд эхийгээ амлах аж. Харин очихоос өмнө гарсан ихэр ишигнүүд хэвтсээр л байх юм. Ер нь хурга тэр дороо тэнхэрдэг бол ишигнүүд ийн хэвтэж, хэвтэж хэзээ хойно босоод эхийгээ амладаг гэнэ.

Эднийх угаас хонь голдуу малтай бөгөөд ямаанууд дөнгөж ишиглэж эхэлж, энэ жилийн анхны ихэр ишиг нь ийн гарчээ. Бага хүү Ч.Чойсүрэн ярихдаа “Өдөр бэлчээрт явж байгаад олон хурга ишиг гарахаар жаахан хэцүү байдаг, нялх хурга мөд явж өгөхгүй хурганы уутанд хийгээд үүрэхээр, олон хурга бол уутандаа багтахгүй, эсвэл хонинууд хургаа хайж, хургалсан газар руугаа харж тойрч гүйгээд болдоггүй юм. Гэхдээ манайх мянгатууд шиг олон хоньтой биш болохоор бас ч гайгүй. Нийтдээ 700-гаад хонь, ямаа бий. Аав малын боол болохгүй гээд малаа хэт өсгөдөггүй юм” гэж ярилаа.

Шинэхэн төлүүд хөл дээрээ тэнцэн, эхийгээ хөхөж байх мөчид гэрийн эзэн Д.Чинбат үхэрээ наашлуулчихаад, мотоциклтойгоо давхиад ирлээ. Түүнтэй мэнд мэдэн “Өдрийн сонин”-оос малчны хотонд сурвалжлага бэлтгэхээр явж буйгаа хэлэхэд, хэсэгхэн хором чимээгүй, алсыг нэг ширтэж, цаад энгэрт бэлчих хонио нэг харангаа, хонио эргүүлчих, цаашаа давлаа гэж хүүдээ хандан хэлчихээд, за тэг ээ тэг, зураг дарах юм уу, хаанаас яаж дарах уу, хонио хааш эргүүлбэл зүгээр үү гэж байна.

Малын бэлчээрт Д.Чинбат гуайтай хууч хөөрч байгаад хонио хотлуулцгаалаа. Эднийх аль хэдийн хаваржаандаа буусан тул задгай хашаатай, хашааны саравчин дээр хэдэн боодол өвс хаясан байх аж. Баруун аймгуудынх шиг хурганы хашаа, хургаа тусдаа тэжээдэг гэх мэт асуудал бараг байхгүй юм байна. Төлийн нэг илүү гэртэй, шаардлагатай бол тэр гэртээ хургаа оруулдаг гэнэ.

Баруун аймгууд руу хүйтэвтэр байдаг болоод ч тэрүү хургаа хашаандаа үлдээгээд, өдөржин өвсөөр тэжээж, хувин, хувингаар ус өгч угжихыг нь угжиж тойглодог, хургаа том болтол хол бэлчээрт явуулахгүй байсаар, тавдугаар сарын билэгт сайн өдөр л хонио саахаар болж, хургаа бэлчээрт гарган, тэр хооронд хонио саачихаад үдээс хойш эхтэй нь нийлүүлдэг заншилтай. Тэгвэл эднийх арай өөр юм. Орой сувай хонио хашчихаад, хургалсан хонио хургатай нь хашааны гадаа задгай хонуулдаг юм байна. Өглөө нь хургатай хонио нэг тийш, их хонио нөгөө тийш нь бэлчээрлүүлнэ. Хурга ишигнүүд гарсан цагаасаа эхлэн эхтэйгээ бэлчээрт явчихдаг гэсэн үг.

Орой биднийг хонь хотлуулж байх зуурт гэрийн эзэгтэй аймгийн төвөөс ирлээ. Эдний том охин нь машинаар ээжийгээ хүргэж өгөхөөр иржээ. Эмээгээ даган ач хүү С.Дашжамц, зээ хүү А.Билгүүн нар болох тэрсхэн хоёр хүү ирж шинэхэн төлүүдээ эхэд нь хөхүүллээ. Д.Чинбат гурван хүүхэдтэй бөгөөд хоёр том хүүхдийнх нь гэр бүл аймгийнхаа төвд ажиллаж амьдардаг юм байна. Эднийх аль хэдийн таван ач зээтэй, өнөр өтгөн айл болжээ.

Харин бага хүү Ч.Чойсүрэн нь аймгийнхаа МСҮТ-ийг төгсөөд, гэртээ ирсэн ч найз охинтой болсон, төвд амьдрах сонирхолтой гээд тогтож өгөхгүй шинжтэй, харин аав ээж нь хүүгээ малчин болгоно л гэцгээгээд байгаа аж.

Эднийх Төв аймгийн Бүрэн сумын уугуул бөгөөд 16 жилийн өмнөөс Сэргэлэн суманд ирж нутаглажээ. Гэрийн эзэн Д.Чинбат, гэрийн эзэгтэй Д.Ундармаа нар хар багаасаа бие биенээ мэдэх, нэг сумын, нэг багийн хүмүүс юм байна. Чинбат гуай Ховд аймгийн Булган сумын хилийн цэрэгт гурван жилийн цэргийн алба хаагаад, 1987 онд халагдаж ирээд, 1989 онд гэр бүл болжээ. Гэр бүлийн хоёр хоёулаа Бүрэн сумын малчин айлын хүүхдүүд гэсэн үг.

Эдний нутаглаж буй хаваржаанаас баруун тийш даваад, өвөлжөө нь байгаа гэж байна. Гуравдугаар сар гаргаад л хаваржаандаа буужээ. Мөн Оорцог уулаа тойроод л энүүхэндээ зусчихдаг гэнэ.

Төв аймгийн Сэргэлэн сумын баруун талд байрлах Оорцог уул бол малд ээлтэй, өвч ногоо сайхан ургадаг, тэр тусмаа улсын наадамд олонтаа түрүүлж, айрагдсан хурдан буянгуудын уяа сойлгыг тааруулдаг нутаг гэнэ. Онон манлай, түүний Батбилэг, Дархан аварга А.Сүхбатын ах А.Батсүх зэрэг Төв аймгаас төрөн гарсан алдартай уяачдын өлгий нутаг ажээ. Зун болохоор л уяачид хурдан удмын адуун сүрэгтэйгээ ирээд, уяагаа зоогоод зусчихдаг гэж байна.

Гэрийн эзэн Д.Чинбат морь уядаг байсан ч сүүлийн үед уяж чадахгүй байгаа гэнэ. Учир нь уяачид ихэвчлэн мориндоо үнэтэй уураг бэлдмэл өгдөг, тарьж тойглодог юм шиг байна лээ. Үнийг нь дийлэхгүй юм, мөн уяач хүүхэд олох хэцүү, бага насны хүүхдээр морь унуулахгүй гэдэг хууль ч гарсан, тэр нь ч бас зөв л байх, нэг хүүхдийг доод тал нь сарын 300 мянган төгрөгөөр цалинжуулж морь унуулдаг юм байна лээ. Ойрын хэдэн жил бараг морь уясангүй ээ” гэж байлаа.

Тэрбээр мал маллах сайхан, буянтай ажил, харин зудтай, гантай жилүүдэд л хэцүү байдаг юм. Энэ өвөл нэлээд цастай хатуухан өвөл болсон ч мал бага хорогдсон. 2010 оны зуднаар 600-гаад малаас хорогдуулаад, 100 хүрэхгүй толгой малтай үлдсэн, одоо өсгөөд, 700 гаруй болгож байна гэж байв. Харин сүүлийн хэдэн жил ган, зуд гайгүй байсан ч өнгөрсөн зун гантай, өвөл их цастай хатуухан орсон аж. Зун нь гантай бол өвөл нь цас их унадаг, өвөл хатуу орохоор хавар нь мөн хатуу хавар болдог гэж байна.

Төв аймгийн нутгаар сүүлийн үед малын өвчин нэлээд гарч байгаа ч эдний мал харин янз бүрийн өвчин тусаагүй, цаг тухай бүрт нь малаа вакцинд хамруулаад байсан болохоор малын өвчнөөс холуур өнгөрч байгаа гэнэ. Ноос, арьс шир барагтай үнэд хүрдэггүй тул малчид малын мах, ямааны ноолуураасаа л ашиг хүртэж амьдардаг, сүүлийн үед махны ханш унасан байгаа тул тун хүнд байна. Мах үнэд хүрвэл болох нь тэр гэцгээж байх аж. Эднийх ямаагаа самнаад эхний ноолуураа аймгийнхаа төвд нэг кг-ийг нь 95 мянган төгрөгөөр тушаасан гэж байлаа. Д.Чинбат гуайн мал гуравдугаар сарын 10-наас эхлэн төллөжээ. Энэ жил хатуу өвөл болсон тул оройтож төллүүлж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 20-д гэхэд мал төллөөд цэгцэрчихнэ гэж тооцоолжээ.

Эднийх сүүлийн хоёр жил оторт явж өвөлжсөн ч энэ жил яваагүй гэнэ.

Шинэхэн төлүүд эхтэйгээ эрхлэн тоглоод л, төлийн дуу цангинасан малчны хотонд ертөнцийн амар амгалан айлчлан ирсэн мэт байх аж. Төлийн дуу, хоточ банхарын чимээнээс өөр аниргүй хөдөөгийн талд энгийн нэгэн малчин айл ийнхүү аж төрөх ажээ.

Чойжилын Чимидийн шүлгээс…

Цэнхэр манан суунагласан

Алсын барааг ширтээд

Цэлгэр сайхан нутгаа

Сэтгэл бахдан харахад

Yлээж байгаа салхи нь

Yнсээд байгаа ч юм шиг… энэ нутгийн буйдхан талаар ийн зочиллоо.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *