Монголын улаан загалмайн нийгэмлэг (МУЗН), Британийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 1170 малчин өрхөд тус бүр 240 мянган төгрөг буюу нийт 280.8 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлжээ.
Дээрх хоёр байгууллага өнгөрсөн сарын 28-наас эхлэн “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ус, цаг уур орчны судалгаа, шинжилгээний газраас гаргасан мэдээллээр Монгол Улсын нийт нутгийн 40 хувь нэн өндөр, 30 хувь дунд зэргийн зудын эрсдэлтэй гарсан байна. Тиймээс МУЗН нь зудын эрсдэл нэн өндөр үзүүлэлттэй гарсан 12 аймгийн 40 сумын нийт 2000 малчин өрхөд өвөлжилтийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм. Одоогоор 1170 өрхөд 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан хүргэсэн байна. Мөн малын эрдэс тэжээлийн багц олгохоор ажиллаж байгаа аж.