Өмнөговь аймгийн нийт нутгийн 5 хувь ногоотой, 15 хувь дунд зэрэг, 80 хувь нь гандуу байна. Зуншлага тааруу үед малчид, оторчиддоо төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор хөдөлгөөнт баг ажиллаж байна. Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан хүн, малын эмч, төрийн байгууллагуудын төлөөллийг хамруулсан ажлын хэсэг Ханхонгор сумын Мандах багийн нутагт оторлож яваа болон нутгийн малчдад төрийн анхан шатны үйлчилгээ, эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийлээ. Тухайлбал: эхо, элэгний в, с вирусын шинжилгээ, даатгал, татвар, малын эм бэлдмэл зэргээр малчид иргэдэд газар дээр нь очиж үйлчилсэн юм.
Зуншлага тааруу, отор нүүдэл их байгаа хэдий ч төрийн үйлчилгээг газар дээр нь ирж хүргэж байгаад малчид талархаж байсан юм. Аймаг орон нутгийн бодлогын түвшинд малчид иргэд рүү хандсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба энэ жил инженерийн хийцтэй 29 худгийг шинээр гаргаж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлнэ. Мөн малчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарч малчид иргэдтэйгээ уялдаа холбоотой хамтран ажиллана.