Categories
мэдээ нийгэм

Малчид хамтран малын тэжээл тариалж байна

Төв аймгийн Сүмбэр, Борнуур сумд бол Монгол Улсын Засгийн газраас тогтоосон газар тариалангийн бүс нутаг. Уг бүс нутагт газар тариаланг түшиглэсэн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор малын ногоон тэжээл тариалах ажил өнөөдөр эхэлж байна.

Сүмбэр сум нь 116 малчин өрх, газар тариалан эрхэлдэг 16 аж ахуйн нэгж, 60-аад тариаланчтай. 10060 га эргэлтийн талбайтайтай тус суманд бэлчээрийн даац 11 дахин хэтэрснийг Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээнээс харж болно. Тиймээс бэлчээрийн менежментийг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд чиглэсэн төслийг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн баг хэрэгжүүлж байна. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх урьдач, суурь нөхцөл нь малын тэжээл. Энэ ч утгаараа Сүмбэр сумын 40 га-д, Борнуур сумын 2 га талбайд малын ногоон тэжээл тариалах ажил зохион байгуулж байгааг сум, орон нутгийн удирдлага сайшааж, бэлчээр ашиглах хэсгийн малчиддаа хүн хүч, техникийн туслалцаа үзүүлж байна.

Дээрх сумдад малын ногоон тэжээл тариалах төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв гардан гүйцэтгэж байна. Төвийн зүгээс 40 болон 2 га талбайд малын ногоон тэжээл тариалах сайн чанарын үрээр хангаж байна. Сүмбэр сумын 40 га талбайд тариалах ногоон тэжээлийн тухайд, 1 га талбайн 50 хувьд улаанбуудай, 38 хувьд обьёос, 12 хувьд арвай тарихаар тооцоолжээ. Ингэж тарьсан тэжээлийн холимог нь энгийн малын тэжээлийг бодвол чанар сайтай байдаг учраас малын ашиг шимийг дээшлүүлэхэд тустай юм. Малчид намар 100 тонн буюу ойролцоогоор 12 мянган боодол тэжээл хураан авахыг зорьж байна. Борнуур сумын 2 га талбайд тариалж буй олон наст царгас хэмээх ургамал нь нэгэнт тарьсан байхад жил бүр өөрөө ургаж, нөхөн төлждөг, уургийн хаан гэгддэг малын хүчит тэжээл төдийгүй хөрсийг нөхөн сэргээдэг гэж тус төвийн захирал Р.Цогтбаатар хэлж байлаа.

Мөн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвөөс “Малчдад зориулсан ногоон тэжээл тариалах агротехник” сэдэвт сургалтыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэшсэн багш нартай хамтран зохион байгуулж байна. Ийнхүү малчдыг бэлчээр ашиглах нэгдсэн зохион байгуулалтад оруулж, малын тэжээл тариалах дадалд сургаснаар малчид бие даан тэжээл тариалахад мэдлэг, дадлага болох юм. Малдаа өгөх тэжээлээ өөрсдийн гараар бэлтгэж байгаа учраас малчид идэвхтэй, урамтай ажиллаж байгаа төдийгүй арвин ургац авна гэдэгтээ итгэлтэй байна.

Төв аймгийн Сүмбэр, Борнуур сумын 60 гаруй малчид бэлчээр ашиглах зургаан хэсэгт хуваагдан, багийн зохион байгуулалтаар ажиллаж байна. Бэлчээр ашиглах нэг хэсэгт дунджаар 7 малчин өрх харьяалагддаг. Малчид бэлчээр нутгаа хайрлан хамгаалах, нөгөөтэйгүүр малын ашиг шимээ сайжруулах зорилгоор нэгдэн нийлж байгаа нь бэлчээрийн даацыг бууруулах, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж буй нэгэн жишиг энэ.

Газар тариалан, нүүдлийн мал аж ахуйг зэрэгцэн эрхлэх боломж хомс учраас бэлчээр ашиглах хэсгийн малчид тариалангийн талбайгаа тойруулан хашиж байна. Тэд хашаагаа өөрсдийн хөрөнгөөр босгож, бэлчээр ашиглалтыг сайжруулах, тулгамдсан асуудлаа шийдэх зорилгоор дундын хуримтлал үүсгэжээ. Ийнхүү Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай уялдсан санаачилгыг Ногоон алт-малын эрүүл мэнд төслийнхөн дэмжиж байна. Ийнхүү намар хураан авсан ургацаа бэлчээр ашиглах хэсгийнхэн хураан авч, малаа тэжээнэ. Илүү гарсан тэжээлээ зах зээлийн үнээс харьцангуй бага үнээр борлуулахаар төлөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *