Монгол орны байгаль цаг уурын өөрчлөлтийг малчдын оролцоотой харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн үүдээ нээхэд бэлэн боллоо. “Малчдын нүдээр: Монголын хөдөө орон нутаг дахь өнөөгийн байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудлууд юу вэ” сэдэвт уг үзэсгэлэн маргааш “Norphei Art” галерейд үзэгчдэд хүрэх юм байна. Ирэх пүрэв гариг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд дэлгэгдсэн фотог мэргэжлийн гэрэл зурагчид бус малчид авснаараа онцлогтой. Энэ нь “Евро-Азийн хойд нутгийн уур амьсгалын өөрчлөлт дэх хүн, малын харилцан хамаарал” сэдэвт төслийн хүрээнд Монгол Улсад өнөөдөр байгаль орчин, нийгэмд тулгамдаж буй асуудлыг илрүүлэн, түүнээс гарах шийдлийг эрэлхийлэх зорилгоор малчдын оролцоог нэмэгдүүлжээ. Ингэхдээ фото зураг авах, баримтжуулах аргыг ашиглан малчдад нэг жилийн хугацаанд энгийн аппарат өгсөн байна. Нутгийн иргэд, нэг нутгийнхны хувьд “хүрээлэн буй байгаль орчинд тулгарч байгаа асуудал ба боломжууд” гэсэн сэдвийн хүрээнд нэн чухал гэж тооцогдсон асуудлыг баримтжуулах шаардлагыг тавьж, ач холбогдлыг нь хэлэлцүүлсэн аж.