Увс аймгийн Өмнөговь сумын малчид Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихыг эсэргүүцэн төв талбайд цугларчээ. Тэд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байгаа юм.
Малчид “Бид Увс аймгийн Өмнөговь сумаас өчигдөр гараад өнөөдөр ирлээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Баяннуур гэсэн гурван аймгийн нутгийг дамнуулан барих гэж байна. Энэ цахилгаан станцыг баривал бид нутагтаа амьдрах, мал маллах боломжгүй болно. Тиймээс үүнийг эсэргүүцэн, малчдын төлөөлөл болж Улаанбаатарт ирлээ. Төр засагтаа дуу хоолойгоо хүргэмээр байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих талаар ноднингоос дуулсан. Биднээс санал, хүсэлт ер аваагүй. Хэрвээ энэ станцыг баривал төрж, өссөн нутгаасаа нүүхээс өөр арга бидэнд үлдэхгүй.
Бид нутаг, усандаа олон үеэрээ амьдарсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих шаардлага байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Өмгөговь сумын хадлангийн 70 хувь нь хамаардаг “Хулдын гол” гэж манай нутагт бий. “Хулдын гол”-ыг дамнуулан усан цахилгаан станц баривал мал маллах нь битгий хэл хүн амьдрах аргагүйд хүрнэ. Манай нутагт 90 гаруй айл бий, бүгд хэдэн үеэрээ нутагласан. Энэ сайхан нутгаа үр хүүхдүүддээ өвлүүлмээр байна. Хэрвээ тэнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг баривал бид хаачих вэ, төрсөн нутаг минь сүйдэх нь.
Төрсөн нутаг минь аюулын ирмэгт ирсэнд үнэхээр эмгэнэж байна. Нэг малчинд 2-3 сая төгрөг өгнө гэх сураг дуулдсан. Нутгаа мөнгөөр худалдахгүй” гэлээ.