Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Малчид бэлэн мөнгөгүйгээс тэжээлийн үнийг хямдруулж авах хүсэлт гаргажээ

-ЗАРИМ СУМД РУУ ТОМ ОВРЫН МАШИНААР ЗАМ ГАРГАЖ БАЙНА-

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт аймгийн
удирдлагуудтай цахим уулзалт хийж Завхан, Увс, Дундговь, Сүхбаатар
аймгуудын өвөлжилтийн талаар мэдээллийг сонсож, хүндрэлийг давахад
шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлуудыг ярилцлаа. Дээрх аймгуудын
ихэнх сумдад өвөлжилт хүндэрч цасны зузаан тал газраа 2-12 см, уулархаг
нутгаараа 20-40 см болж сүүлийн хэд хоног хүйтний эрч эрс чангарч байгаа
тул өвөлжилт хүндэрч эхэлсэн байна. Орон нутгийн удирдлагууд аймгийн
Засаг даргын мэдлийн өвс тэжээлийг сум багуудад хүргүүлж дууссан, ирэх
долоо хоногт Улсын нөөцийн өвс, тэжээлийг хүргүүлэх ажлыг зохион
байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Зарим сумдад хүрэх зам харгуй
хаагдсанаас том оврын машинаар зам гаргаж байна. Сүхбаатар аймгийн таван
суманд цэцэг өвчин гарсан бөгөөд вакцины хүрэлцээ муу байгаа аж. Нийт
аймгууд өвөлжилтийн хүндрэлийг давахад тусгагдсан санхүүжилт орж ирэхгүй
байгааг санууллаа. Мөн малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас тэжээлийн
үнийг хямдруулж, зээлээр авах хүсэлтэй байгааг энэ үеэр уламжиллаа.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой
комиссын дарга Ц.Оюунбаатар нийт аймгуудад 6580 тн өвс, 2678 тн
тэжээлийг хямдралтай болон үнэ төлбөргүй хуваарилан хүргүүлсэн, ирэх 7
хоногт 2430 тн өвс тэжээлийг өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад дахин
хүргэнэ гэлээ. Үүнээс гадна ЭМСЯ-ны чиглэлээр түргэн тусламжийн 47
автомашиныг зарим аймгийн сумдад хуваарилахаас 30 гаруйг нь Засгийн
газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх юм байна.
Өвөлжилтийн хүндрэлийг давж гарахад 1 тэрбум 400 сая төгрөг төсөвлөсөн
бөгөөд Төрийн сангийн гүйлгээ ойрын хугацаанд хийгдэж эхлэх тул
хөрөнгийн асуудал удахгүй шийдэгдэнэ гэлээ.

Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 гаруй
сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сумдад зудархуу, бүх нутгаар цасан
хучлага 10-40 см байна. Ойрын үед хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа
учраас орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллах, хил залгаа аймаг, сумд
мэдээллээ харилцан шуурхай солилцож, зам арчилгаа, отроор өвөлжиж
байгаа мал, малчин, Улаанбаатар хотруу тээвэр хийж байгаа машин
техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч, хүндрэл үүссэн тохиолдолд хүн
хүч, техникийн тусламжийг бэлэн байлгахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын
дарга С.Баярцогт үүрэг болголоо. Аймгуудаас тавьсан саналуудыг нэгтгээд
нэн чухал шаардлагатайг эхний ээлжинд шийднэ. Мөн өвөлжилтөөс гадна мал
төллөлт, хаврын тариалалт зэрэгт анхаарах, тэргүүний аймаг, сум
шалгаруулах материалаа ойрын хугацаанд ирүүлэх хэрэгтэйг санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *