Мал аж ахуйн чиглэлийн бодлого, зорилтыг малчид, фермер эрхлэгчдэд сурталчлах, танилцуулах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, отрын бүс нутаг болох хил залгаа сумдын хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий “Малчдын зөвлөгөөн”-ийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Багануур дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд нийт 360 гаруй малчин хамрагдсан байна. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, Багануур дүүргийн ИТХ-н дарга С.Даваасүрэн, Засаг дарга Ц.Сандаг-Очир, Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-н дарга Б.Байгалмаа, Засаг дарга Г.Баасанжав болон бусад албаныхан оролцсон юм.
Зөвлөгөөнийг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Монгол түмний нандин шүтээн буянт мал сүргийнхээ ашиг шимийг нь арвижуулан сайжруулж, тодорхой чиглэлтэйгээр өсгөн үржүүлж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг ханган улс орон, нийслэл, дүүргийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа малчид та бүхэндээ нийслэлийн Засаг даргын нэрийн өмнөөс энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна.
Нийслэлд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд шаардлагатай бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, дүүргүүдэд өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх чиглэлээр нийслэлийн төсвөөс гарсан санхүүжилтээс 49 сая төгрөгийг Багануур дүүрэгт өвс, тэжээл хадгалах агуулах бариулж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр 2013-2015 онд тус дүүрэгт 71.4 сая төгрөгийн санхүүжилтээр 4 худгийг шинээр гаргасан байна.
Арьс, ширний урамшуулалд Багануур дүүргээс 2016 онд 109 малчны 1076 ширхэг арьс, ширний 27.1 сая төгрөгийн урамшуулал олгогдсон. Мал аж ахуйн салбарын цаашдын хөгжил, дэвшил малчид, ферм эрхлэгчид бүхний мэдлэг чадвар, хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаалах нь ойлгомжтой. Монгол орныг малгүйгээр төсөөлөх аргагүй. Мал сүрэг бол шавхагдашгүй баялаг. Энэ баялгийг бүтээгчид нь малчид, фермер эрхлэгчид та бүхэн билээ. Мал сүргийнхээ ашиг шимийг нь улам ихээр нэмэгдүүлэн, энэ их үйлсдээ төр, хувийн хэвшил, малчдын оролцоог ханган ажиллаж, мал аж ахуйн салбарын хөгжлийг орчин цагийн дэлхийн чиг хандлагад нийцүүлэн ажиллахыг хүсье” хэмээлээ.
Багануур дүүрэг нь нийт 178.774 мянган толгой малтай үүнээс тэмээ 209, адуу 14198, үхэр 14198, хонь 91271, ямаа 59053, малын тоогоорой нийслэлд хамгийн олон малтай дүүрэгт орж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.