Орон нутагт Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Малчдын хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хөл хөдөлгөөн их байна. Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт нийт 500 тэрбум төгрөгийн зээл олгоно. Энэ зээлийг гаргах нөхцөл бүрдэж, арилжааны банкууд зээлдэгч нараас хүсэлтээ хүлээн авч, олгож эхэллээ.
Ноос ноолуур, хаврын тариалалтын зээл нэг жилийн хугацаатай байх бол малчдыг дэмжих зээл гурван жилийн хугацаатай байх юм. Ноолуурын салбарын аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор түүхий ноолуур худалдан авахад зориулж шинээр болон өмнөх зээлийг дахин санхүүжүүлнэ. Харин хаврын тариалалтын хувьд эргэлтийн хөрөнгөө шийдвэрлэх, мөн ижил зориулалтын зээлийг дахин санхүүжүүлэхэд зээл олгох юм байна. Малчдад бол банкны ижил төрлийн зээлийн нөхцөлөөр олгохоор шийдвэрлэсэн. Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай олгохоор эх үүсвэрийг шийдвэрлэсэн юм.
Өнөөдрийн байдлаар малчдыг дэмжих хөнгөлөлттэй зээлийг зарим аймгуудад олгоод дууссан бол зарим аймгууд цахимаар материал хүлээн авсаар байна. Зээл олголтод зарим малчин өрхөд 5-аас дээш сая төгрөгийн зээл олдохгүй байгаа гэсэн шүүмжлэл гарсан. Тэгвэл малын тоо, даатгалд хамрагдсан байдал, мал маллах туршлага зэргээс шалтгаалж зээлийн дүн өөр байгаа аж. Малчны зээл хүсэгч нь тухайн орон нутагтаа оршин суух хаягтай, малын А данс нь баталгаажсан, мал маллах туршлагатай байх зэрэг шаардлагыг арилжааны банкууд тавьж байна