Малайзын Ерөнхий сайд Мухииддин Ясин болон түүний танхим огцрох өргөдлөө тус улсын эзэн хаанд Даваа гаригт өргөн барив. Тэрээр халдварыг тогтоон барилгүй “Covid-19”-ийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн, олон удаагийн хөл хорионоос эдийн засгийг хямралд хүргэсэн зэрэг шалтгаанаар огцрох өргөдлөө өгсөн байна. Мухииддин шинэ удирдагч томилогдох хүртэл Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болжээ.
Малайз улсын хаан Аль-Султан Абдулла ерөнхий сайд Мухииддин Ясины огцрох хүсэлтийг хүлээн авсан боловч цар тахлын үед сонгууль явуулах нь зөв сонголт биш гэж үзжээ. Мухииддин эрх баригч Перикатан Насионал эвсэлтэй ширүүн тэмцэл өрнүүлсний эцэст албан тушаалаа авснаас 17 сарын дараа ийнхүү хүлээлгэн өглөө. Ингэснээр тус улсын хамгийн богино хугацаанд засгийн эрх барьсан Ерөнхий сайд болсон юм.
Малайзын ринггитийн ам.доллартай харьцах ханш сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн их суларсан байна. Тухайлбал, 25 ринггит нь 5.8 ам.доллартай тэнцэж байгаа нь ард иргэдийг бухимдуулах бас нэгэн шалтгаан болжээ. Малайзын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Мухииддины албан тушаалаа өгсөн талаар мэдээлэхдээ түүнийг улс төрийн эвсэл хоорондын зөрчилдөөний улмаас парламентад олонхын дэмжлэг авч чадалгүй албан тушаалаасаа огцорлоо хэмээжээ.