Categories
мэдээ нийгэм

Малаа нүүлгэн шилжүүлсэн айл өрхүүдийн хашаанд ариутгал хийлээ

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа нүүлгэн шилжүүлсэн өрхийн малын хашаа саравчийг буулгаж, өтөг бууцыг ачих, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж 2018 оны долдугаар сарын 20-ны байдлаар 58 өрхийн малын хашаа саравчийг буулгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Малын хашаа саравч буулгах ажилд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв”ОНӨААТҮГ, “Хан-Уул агро” ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчид ажиллаж, мал эмнэлэг үржлийн нэгж “Гүнтэрэм” ХХК ариутгал халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэн, нэг өрхөөс дунджаар 4-5 машин өтөг бууцыг ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт буулгаж байна.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны А/153 дугаар захирамжаар Богдхан уул, Чандманы ам, Жаргалантын ам, Арцатын ам, Нүхтийн ам, Тайны ам, Морингийн даваа, Айцын даваанаас хот руу, 12 дугаар хороо Улаан булангаас Туул гол өгсөх чиглэлд мал тууварлах, бэлчээхийг хориглож, хариулгагүй бэлчээсэн малыг хашаалан, мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулан малын эздэд хариуцлага тооцон ажиллаж байна.

Цаашид дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон байршилд мал нэвтрүүлэхгүй байх зорилгоор зургаан байршилд мал оруулахыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, мотоцикльтой эргүүл жижүүрийг ажиллуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *