Categories
мэдээ нийгэм

Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулна

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/870 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулахаар боллоо. Тооллогын комиссыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ даргалах юм.

Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисс нь 2015 оны тооллогын бэлтгэл ажлыг дүүргийн тооллогын комисстой хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үндэсний Статистикийн хорооноос баталсан заавар, аргачлалын дагуу зохион байгуулна. Тооллогыг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өглөөний 800цагаас эхэлж, 12дугаар сарын 17-ны өдрийн оройн 2000цагт дуусгана. Мал, тэжээвэр амьтдын тооллогын өдрүүдэд нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтэст тооллогын жижүүр өдөр бүр өглөөний 800-2000 ажиллаж, тооллогын аргачлал, заавартай холбоотой лавлагаа өгөхөөс гадна тооллогын явцын мэдээлэл солилцож байхыг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан удирдамжид заажээ. Мөн дүүргийн Засаг дарга нь дүүргийн тооллогын комисстой хамтран тооллогод мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулах, тооллогын явцын мэдээг хугацаанд нь мэдээлэх, дүнг нэгтгэн гаргах, тооллогын явцад элдэв зөрчил гаргахгүй байх үүргийг хүлээнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *