Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах шуурхай штабыг байгуулж, ХХААХҮ-ийн сайд ахлаж байна.
Энэ талаар ХХААХҮЯ-ны Хүнсний бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Чой-Иш, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Хүнс, ХАА-н газрын дарга Д.Буянбат нар мэдээллээ. Улмаар гамшгийн бэлэн байдлын нөхцөлд хүн амыг хүнсээр тогтвортой хангах, нийлүүлэлтийг тогтворжуулж хүнсний бэлэн байдлыг хангах үүднээс маргааш, 11 дүгээр сарын 15-наас нийслэлд махны өргөтгөсөн худалдааг эхлүүлж байна гэв.
Эхний ээлжинд 200 тонн махыг гулуузаар болон жижиглэнгээр борлуулах аж. Энэ худалдааг нийслэлийн Баянзүрх болон Баянгол дүүргээс эхлэхийг дуулгалаа. Улмаар нийслэлийн 6 дүүргийн 12 байршилд худалдах аж. Хонины махыг кг-ыг нь 6700 төгрөгөөр, үхрийн махыг 7700 төгрөгөөр худалдаах аж.
Хүнсний хангамжийг сайжруулах штабаас мэдээлснээр энэ сарын 12-13-ны 24 цагийн байдлаар нийслэлийн 3731 дэлгүүр, 68 хүнсний төв захаар 134 тонн мах борлуулжээ. Мөн гурил 1132 тонн, гурилан бүтээгдэхүүн 584.5 тонн, төрөл бүрийн будаа 176.8 тонн, хуурай сүү 189.7 тонн, өндөг 409.9 тонн, ургамлын тонн 58.9 тонн, төмс 244 тонн, хүнсний ногоо 240 тонн, элсэн чихэр 36.4 тонн, савласан ус 504.5 тонныг худалдан борлуулаад байна. Махны өргөтгөсөн худалдаа явуулах газрууд:
- Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Скай” их дэлгүүрийн гадна талбай
- Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Амгалан” захын гадна талбай
- Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Тэнгэр” худалдааны төв,
- Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын талбай,
- Баянгол дүүргийн 2 дугаар хороо “KFC” сүлжээ рестораны баруун талд
- Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын “Баянтахилт” төвийн гаднах талбай,
- Чингэлтэй дүүргийн “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай
- Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил,
- Сүхбаатар дүүргийн нутаг “Хангай” хотхон,
- Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо “Бэлх” худалдааны төв,
- Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Цамбагаравын урд талбай,
- мөн дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын “Гүнгэрваа” худалдааны төв,
- Хан-Уул дүүргийн “Лавай” худалдааны төвийн гадна талбай
- Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа-2” хорооллын гадна талбайд борлуулах юм.