Хүнс, хөдөө аж ахуйн яамны
төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой ярилцлаа.
-Хятад руу 500 сая ам.долларын
мах экспортлох ажил юу болж байгаа вэ?
-Монголын махны холбоо Хөх
хотод болсон үзэсгэлэн худалдааны үеэр албан ёсоор мах нийлүүлэх сонирхлоо илэрхийлж
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Махны холбоотой санамж бичигт гарын
үсэг зурсан. Зургаан тэрбум орчим юанийн мах нийлүүлнэ гэж нэг талаас худалдах,
нөгөө талаас худалдан авах сонирхлоо илэрхийлж санамж бичигт гарын үсэг зурсан
юм. Монголын махыг урд хөршийн худалдан авагчид сонирхож, худалдаж авах
боломжтой гэдгээ илэрхийлнэ гэдэг том давуу тал. Монгол малын мах олон улсын
зах зээл дээр гарах боломжтойг илэрхийлсэн үзэгдэл гэж ойлгож байгаа. Монголын
хилээс Хятад руу мах гаргах хууль эрх зүйн орчин, хорио цээрийн нөхцөлүүд бэлэн
болсон эсэхийн тухайд тусдаа яригдах учиртай асуудал. Яг өнөөдрийн хувьд салаа
туурайтай малын махыг түүхийгээр нь Хятад болоод олон улсын зах зээлд гаргах
асуудлыг идэвхтэй ярьж байна. Ингэж зарвал илүү хурдан, их хэмжээгээр гаргах
боломж байгаа юм. Манай улс БНХАУ-тай салаа туурайтай мал амьтан гаргах хорио
цээрийн протоколыг түүхэндээ тохироогүй өнөөг хүрсэн. Шийдэх гэхээр л олон
улсын хорио цээртэй шүлхий гэх мэт өвчин дэгдчихдэг. Шүлхий гарсан тохиолдолд
нэгээс хоёр жилийн хугацаатай хориг тавьдаг стандарттай.
-Энэ жил манай улсад шүлхийн
өвчлөл бүртгэгдсэн. Хятад руу мах гаргах асуудалд саад болох юм биш байгаа?
-Энэ жилийн хувьд шүлхийн
өвчлөл хоёр удаа бүртгэгдсэн гэдэг утгаараа урд хөрш рүү мах гаргах асуудал
хойш тавигдах нөхцөл бүрдчихсэн байсан. Бидний зүгээс нэлээд идэвхтэй ажилласан
л даа. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Ерөнхий сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд
тэргүүтэй албаны хүмүүс мах экспортлох асуудлыг тусгайлан анхаарч үзээч гэсэн
асуудал тавьсан юм. Баян-Өлгийд наймдугаар сард гарсан шүлхий нийтлэг биш,
байгалийн хямгаарлагдмал нөхцөл байдалд гарсан, үүнийг даруй зогсоож чадсан
гэдгээ илэрхийлсэн л дээ. БНХАУ-д Монгол Улсыг төлөөлж суугаа элчин сайд, Элчин
сайдын яамны аппаратынхан идэвхтэй ажилласны дүнд шүлхийн хориг цуцлагдсан.
Гэхдээ бүрэн хэмжээгээр биш. Таван аймагт л цуцлагдсан. Онцолсон таван аймгийн
малын махыг авах боломжтой болсон гэсэн үг.
-Ямар аймгууд вэ?
-Ховд, Баянхонгор, Говь-Алтай,
Завхан, Хөвсгөл. Төвийн бүс хяналтын бүсэд ордог учраас боломжгүй. Зүүн бүс
өвчин байнга дэгддэг учраас мөн боломж байхгүй. Шүлхийн хориг цуцлагдсанаар
Монголоос салаа туурайтай малын мах авах боломжтой болсон гэсэн үг.
-Шүлхийн хориг цуцлагдсан
болохоор зөвшөөрөгдсөн таван аймгийн махыг шууд экспортлох боломж нээгджээ дээ?
-Шууд гаргаад эхлэх боломжгүй.
Шүлхийн хориг цуцлагдсан учраас талуудын хорио цээрийн байгууллагууд хорио
цээрийн нөхцөлийг тохирдог. Манай талаас долдугаар сард саналаа хүргүүлсэн.
Хятадад суугаа манай улсын элчин сайдын яамныхан холбогдох албаныхантай нь
уулзсан байна лээ. Нөгөө талаас ондоо багтааж протоколынхоо саналыг ирүүлье
гэсэн нааштай хариу өгсөн. Протокол тохирсны дараа гэрчилгээ тохирдог. Завхан
аймгийн тэр сумын тийм газраас гаралтай үйлдвэрт бэлтгэгдсэн мах гэдгийг батлах
гэрчилгээний асуудал бий. Гэрчилгээг эцэслэж тохирсны дараа мах экспортлох
боломж нээгдэнэ гэсэн үг. Хятадын талаас бусад асуудлаа хойш нь тавьж байгаад
махны экспортын асуудлыг богино хугацаанд судалж өгье гэдгээ өндөр хэмжээнд
илэрхийлсэн л дээ. БНХАУ-ын дарга манай улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр
илэрхийлсэн юм. Тэгээд чиглэл өгсөн байх. Хятадын талаас найман мэргэжилтэн ирж
арав хоногийн хугацаатай ажиллаад буцсан. Долоон аймгаар явж, хэд хэдэн
үйлдвэртэй танилцсан. Олон жилийн хугацаанд яригдаж төдийлөн үр дүн гарч
өгөхгүй байсан асуудал маань энэ жилийн эцсээр шийдвэрлэгдэх таатай боломж
бүрдэж байна.
-Монгол малын мах бэлчээрийн
гэдгээрээ урд хөршийн хэрэглэгчдийг татдаг шиг байгаа юм…?
-Өвөр Монголын хувьд хэрэглэгч
нь бэлэн байдаг. Монгол малын мах идээд сурчихсан бэлэн хэрэглэгч бий учраас
Хятад тал авъя гээд байгаа юм. Ер нь Хятад бол том зах зээл. Энэ утгаараа мах
экспортлох бүрэн боломжтой.
-Бусад улсын хувьд ч монгол
малын махыг авах сонирхол анзаарагддаг. Жишээ нь ямар улсууд манай улсаас мах
авъя гэсэн хүсэлт тавьдаг вэ?
-Авах сонирхлоо илэрхийлдэг
улсууд бий. Японы аж ахуйн нэгжүүд мах авъя гэсэн санал тавьдаг. Гэхдээ өндөр
хэмжээнд бизнес сонирхол нь төрөхгүй байна. Арабын лалын шашинтнууд хонь, ямаа
авъя гэсэн сонирхолтой. Гэхдээ тийм даацтай хэмжээгээр биш. Бүтээгдэхүүн маань
хэрэглэгчдэд төдийлөн танил болж чадаагүй учраас их хэмжээгээр авъя гэсэн том
захиалга бараг алга. Туршилтын журмаар цөөн тонноор аваачаад, боломжтой бол
худалдаж авъя гэсэн сонирхол илэрхийлж байгаа. Ийм сонирхол илэрхийлсэн
компаниудад туршилтын экспортын зөвшөөрлийг саадгүйгээр олгож байна. Хятад,
Орос зэрэг түнш болсон улсуудын хувьд худалдааны экспорт яаж хийгддэг, яг тэр
журмаар явж байгаа. Манай улс Орос талдаа бүтээгдэхүүнээ олон жилийн хугацаанд
нийлүүлээд туршчихсан ч рублийн ханшийн зөрүүнээс болоод хойд хөршийн худалдан
авагчид манай махыг даацтай хэмжээгээр авахгүй байна. Хойд хөршийн
хэрэглэгчдийн хувьд манайхаас үхэр, адууны мах сонирхохоос биш бага малын мах
төдийлөн авдаггүй. Хүнс хөдөө аж ахуйн яамны зүгээс бизнес эрхлэгчдэдээ зориулж
ямар нэг хүндрэлгүйгээр экспортын эрхийг тухайн үеүдэд нь шийдээд явж байгаа ч
экспорт хүссэн хэмжээнд хийгдэхгүй байна.
-Хятад бол том зах зээл, манай
улсын хувьд энэ том зах зээл рүү малынхаа махыг массын хэмжээнд нийлүүлэх
боломжгүй нь ойлгомжтой. Урд хөрш рүү мах нийлүүлэх асуудал дээр яг ямар
бодлого барьж байна вэ?
-Мэдээж массын хэмжээнд
нийлүүлэх боломжгүй. Тийм учраас бид монгол малын мах, бэлчээрийн мал аж ахуйн
онцлог шинжид тааруулж Хятад болон олон улсын зах зээл дээр илүү үнэ цэнтэй
брэнд бүтээгдэхүүнийг таниулж өрсөлдөх бодлого барьж байгаа. Үнэ, хэмжээгээрээ
биш онцлогоороо өрсөлдье гэж байгаа юм. Олон улсын хорио цээртэй өвчин ойр
ойрхон гарч буй нь гол бэрхшээл болоод байна л даа. Мөн махны үйлдвэрүүдийн
хувьд боловсруулах, нядлах хүчин чадал, олон улсын стандартад нийцсэн үйл
ажиллагаа явуулж чадаж байгаа эсэх асуудал бий. Аливаа улс ялангуяа малын
түүхий махан дээр худалдах, худалдан авах гэрээ хийхэд заавал үйлдвэрийн аргаар
нядалсан, боловсруулсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл бид дотооддоо
зуун хувь гар аргаар буюу уламжлалт аргаар нядалсан малын мах хэрэглээд
заншчихсан. Олон улсад бол гар аргаар нядалсан мах авдаггүй. Өөрөөр хэлбэл мах
л бол мах гэсэн ойлголт махны бизнест байдаггүй.
-Махаа боловсруулаад гадагш нь
гаргах хэмжээний үйлдвэр Монголд хэчнээн байдаг бол?
-Үйлдвэрийн хувьд хоёр янз. Нэг
хэсэг нь мал нядлаад махыг нь түүхийгээр нь гулуузалж бэлддэг. Нөгөө хэсэг нь
дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн гаргадаг. БНХАУ-тай
дулааны аргаар боловсруулсан салаа туурайтай малын мах гаргана гэж албан ёсоор
тохирсон. Дулааны аргаар гэдэг нь тодорхой хэмжээний халуунд хагас болон бүрэн
боловсруулж гаргасан бүтээгдэхүүнийг хэлж байгаа юм. Энэ үйл явцын хувьд тийм
нийтлэг биш. Эцсийн боловсруулалт учраас өндөр стандарт шаарддаг. Мөн улс
орнуудын хувьд үйлдвэрлэлийн түүхий эдийг аль болох түүхийгээр нь худалдаж
аваад дотооддоо боловсруулах сонирхолтой байдаг. Хятадын хувьд ч ялгаагүй. Аль
болох түүхий мах худалдаж авахыг илүүд үзнэ. Манай улсын хувьд салаа туурайтай
малын махыг дулааны аргаар боловсруулах зөвшөөрлөө авсан хоёр үйлдвэр байна.
-Элдэв эрсдэлгүй гэдэг утгаараа
адууны махны экспорт чөлөөтэй хийгдэж байгаа юу?
-Адуу шүлхий өвчин тусдаггүй
битүү туурайтай мал учраас Орос, Хятадын зах зээл нээлттэй. Тэр утгаараа
экспорт нь чөлөөтэй байгаа.
-Шаардлага, стандартуудыг нь
хангаад малынхаа махыг экспортоллоо гэхэд энэ зах зээлээс хэчнээн ам.доллар
олох боломжтой вэ?
-Өнгөрсөн жил манай улс
ойролцоогоор 52 сая толгой мал тоолуулаад 18 сая төл хүлээн авч 70 орчим сая
толгой малтай болсон. Арван сая орчмыг нь хүнсэндээ хэрэглэдэг гэхээр цаана нь
хонин толгойд шилжүүлснээр 7-8 хүртэл сая малын махыг экспортлох боломжтой
гэсэн үг. Ингээд тооцохоор ойролцоогоор тэрбум хүртэл ам.долларыг махны
экспортоос олох боломжтой.
-Урд хөрш рүү мах экспортлох
асуудлаа шийдэх гээд явж байтал дахиад шүлхий гарвал яах вэ, ийм эрсдэлийг
тооцож үзсэн үү?
-Дахиад хаагдана гэсэн үг.
Салаа туурайтай малын махны экспортын талаар яам урт хугацаанд ямар бодлого
баримтлах вэ гэдэг асуудал бий. Шүлхий гарангуут бизнес нь зогсдог, арилангуут
жаахан урагшилдаг хэвээр явах уу, эсвэл өөр гарц хайх уу гэдэг асуудал үүсч
байгаа юм л даа. Үүний эсрэг бид арай өөр бодлого барья гэсэн концепци
зохиогоод явж байна. Хятадаас тодорхой хэмжээний мал, мах боловсруулах, нядлах
үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд олгоё гэсэн асуудлыг УИХ-аар
шийдвэрлэж, хоёр улсын хооронд хэлэлцээ хийгдэж байгаа. Олон улсын мал амьтны
эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл бүсүүдийг байгуулъя гээд
ажиллаж эхэлсэн. Мал, хүний хөдөлгөөн, халдвар тархах нөхцөл байдал нь бүрэн
хяналтад орсон бүсүүдэд эрүүл бүс гэсэн сертификат олгодог юм байна. Ийм
бүсүүдийг байгуулж, тэнд нь махны үйлдвэрүүдээ ажиллуулж мах экспортолъё гэсэн
бодлого байгаа. Өөр аймагт шүлхий гарлаа ч эрүүл бүс гэсэн сертификаттай
аймгаас гадагш нь мах гаргах боломж нээгдэнэ гэсэн үг. Ингэвэл махны экспорт
тогтвортой, тогтмол болно. Худалдан авагчдын хүсдэг гол зүйл энэ. Махны
нийлүүлэлтийг тогтмол болгохын тулд ийм ажлууд эхлүүлье гэж байгаа юм.