МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд дангаар оролцох болсон тухайгаа мэдээллээ. Тэрбээр “Хуулийн тодорхой хугацаанд нам, эвслүүд сонгуульд ямар байдлаар оролцох вэ гэдгээ мэдэгдэх ёстой байдаг. Тиймээс МАН, МАХН-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Гэвч МАН 19-ны өдөр орой 21,30 минутын үед дангаараа сонгуульд орно гэж бага хурлаараа шийдсэн. Сонгуульд эвсэл болж орох тухай асуудлыг 29-нд эцэслэн шийднэ гэсэн хуулийн заалт байгаа учраас бид МАН-д уриалга гаргасан. Тэр уриалга нь “Хоёр нам сонгуульд эвсэж орох тухай асуудлыг эргэн харж, яаран битгий шийдээч, энэ сонгууль улс орныг хүнд хэцүү байдлаас гаргахад үүрэгтэй” гэдгийг сануулсан юм. Харин өчигдөр МАН шийдвэрээсээ эргэж, буцахгүй гэдэг байр суурийг илэрхийллээ. Тийм учраас МАН өөрөө санаачилгаараа МАХН-тай энэ сонгуульд эвсэж орохгүй гэсэн байр сууртай байна. Тодруулбал, МАН анхнаасаа МАХН-тай эвсэж орох хүсэлгүй байсан нь батлагдлаа” гэсэн юм.
Түүнчлэн “Ногоон намтай эвсэх гэсэн боловч Ногоон нам Тусгаар тогтнол эв нэгдлийн намтай эвсээд тамгаа барьцаалчихсан гэж дуулсан. Тиймээс Ногоон намтай эвсэх тухай асуудлыг дахин яриагүй. Өчигдрийн байдлаар ИЗНН-тай эвсэх тухай асуудлыг ярилцаж намын дарга С.Оюун, Ц.Ганхуяг нартай уулзсан. Ц.Ганхуяг дарга нь манай намтай эвсэх сонирхолтой байгаа. Ажлын хэсэг байгуулсан гэдгээ ч хэлсэн.
Харин С.Оюун, С.Дэмбэрэл дарга нь өөр, өөр байр суурьтай байгаа юм билээ. С.Оюун даргын хувьд Ардчилсан намтай нэгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс өөр намтай эвсэх тухай асуудлыг дэмжихгүй байгаа гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ингээд бид ойлголцоод, энэ асуудал мухарлагдсан. Бид хуульд нийцүүлээд өчигдөр орой 17.00 цагаас Бага чуулганаа хуралдуулаад дангаараа сонгуульд оролцоно гэсэн байр сууриа баталгаажуулаад бичиг баримтаа бэлдсэн. Маргааш СЕХ-нд энэ асуудлаа албан ёсоор хуулийн дагуу өргөн барина. МҮАН-ынхан хоёрдугаар сарын 6-ны өдөр хуралдаад ирэх сонгуулиар “Шударга ёс” эвслийн бүлгийг энэ хэлбэрээр нь хадгалах боломжгүй гэж үзсэн байдаг. Сүүлд албан бусаар уулзахад өөр намтай эвсэх тухай яригдаж байгаа бол бид гуравдагч юмуу, дөрөв дэх нам болж хамт орох саналтай байна. Нэгэнтээ МҮАН энэ хэлбэрээрээ сонгуульд оролцох боломжгүй гэж зарласан учраас бид хамтарч оролцохгүй” гэлээ.