Categories
мэдээ нийгэм

Майдар эргэх ёслол болж байна

Жил бүрийн хаврын адаг сард болдог Майдар эргэх их ёслолыг Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулж байна.

Ирээдүйд залран ирэх сайн цагийн мянган Бурханы тав дахь бурхан болох Майдар бурханы шашинтай золгож, Майдар бурханаас ном сонсох, мөн бурханы залран ирэх цагийг наашлуулах билэгдлээр энэ зан үйлийг хийдэг аж.

Алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг. Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун, зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад түмэн олноо адис хүртээж явдаг юм байна. Гандантэгчэнлин хийдийн шар хэрэмний гол, барууун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн Түй мандал өргөн, ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч Манзуширийн үд хийж их ерөөл хуран, өлзий хутаг оршоож, их мандал өргөдөг. Ийнхүү тус ёслолоор Майдар бурханы номын рашааныг хүртээх зан үйлийг хийдэг бөгөөд таван их номын хүрдэн эргүүлэх лугаа уулзан учрахын билэг зохилдуулан бүх хуврага, түмэн олон, сүсэгтэн бүгд дагалдан ерөөл талбидаг уламжлалтай аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *