Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар хорих ангид ял эдэлж байсан иргэн өнгөрсөн баасан гаригт амиа алджээ. Тус хорих ангид жилийн өмнө мөн ялтан амиа алдаж байсан билээ.
ЗҮРХ СУДАСНЫ ХУРЦ ДУТАГДАЛ, ЦУС ХАРВАЛТААС ҮҮДЭЖ
АМИА АЛДСАН ГЭЖ ДҮГНЭЖЭЭ
Талийгаач Л.Адъяахүү Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 20 жилийн ял сонссон аж. Улмаар гянданд таван жил ял эдлээд дэглэм буурч Мааньтын хорих ангид шилжжээ. Мааньтын хорих ангид найман жил ял эдэлж байсан талаар эх сурвалж мэдээллээ. Өмнө нь түүний даралт ихэсч, зүрх нь өвддөг байжээ. 2013, 2014 онд хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байсан аж. Энэ жил ч бие нь өвдөж байсан бөгөөд эмнэлэгт хэвтэх хүсэлт удаа дараа гаргаж байсан гэнэ. Улмаар энэ сарын 10-нд гэнэт бие нь муудаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Урьдчилсан байдлаар талийгаачийг зүрх судасны хурц дутагдал, цус харвалтаас үүдэж амиа алдсан гэж дүгнэж байгаа аж. Тухайн үед ажиллаж байсан хуяг, хорих ангийн удирдлагуудыг шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Харин албан бус эх сурвалж “Мааньтын хорих ангид олон жилийн ял сонссон хүмүүс хоригддог. Тэр утгаараа ялтнуудын сэтгэл санаа нь тогтворгүй байдгаас шалтгаалж өвдөх нь элбэг. Талийгаач ч дэглэм буурах гэж байгаа талаараа ар гэрийнхэндээ ярьсан байсан. Түүнээс болж сэтгэл санаа нь тогтворгүй болсон болов уу. Ойрын үед зүрх өвдлөө гээд эмнэлэгт хэвтэх гэсэн ч хорихын ажилтнууд зөвшөөрөхгүй байсан. Эмчилгээ хийсэн бол аврах боломж байсан. Талийгаач хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхэд нь өнчирч үлдлээ. Ер нь Монголын шоронд байсхийгээд л хүн нас бардаг, хорих анги бус авс шиг болчихлоо. Жил бүр ялтан нас бардаг. Тоож, авч хэлэлцдэг байгууллага ч гэж алга. Өнгөрсөн жилийн өдийд энэ хорих ангид мөн ялтан нас барсан. Зүрхний шигдээсээр нас барсан гэдэг онош тавиад л хэргийг хаачихсан. Өнгөрсөн баасан гаригт Мааньтын хорих ангид ялтан нас барснаас болж өндөржүүлсэн байдал зарлачихсан. Ялтнуудыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа. Мөн болсон үйл явдлыг нууцлахыг хорих ангийн дарга, алба хаагчдад ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Ш.Булган даалгасан байна” гэж ярилаа. Энэ талаар ШШГЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс лавлахад “Манай байгууллагын зүгээс болсон явдлыг нууцалсан зүйлгүй. Хэргийг шалгаж байгаа. Ялтан амиа алдсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах хохирогчийн ар гэрийнхэнд ч эвгүй. Тэр утгаараа мэдээлээгүй болохоос нууцлаагүй” гэсэн юм.
ЖИЛИЙН ӨМНӨ МААНЬТАД ЯЛТАН НАС БАРЖЭЭ
Одоогоос жилийн өмнө буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 6-нд Мааньтын хорих ангид ял эдэлж байсан Д.Батбаатар зуурдаар нас баржээ. Шүүхээс 25 жил хорих ял сонссон тэрээр 10 гаруй жил хоригдоод байсан аж. Дэглэм буурах хүсэлтийг нь шүүх хэлэлцэхгүй байгааг сонсоод ялтны бие нь муудсан талаар эх сурвалж мэдээлсэн. Энэ мэтээр хорих ангид ялтан амиа алдсан тохиолдол цөөнгүй байдаг аж. Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан одоогоос жил шахмын өмнө Цагдан хорих 461 дүгээр ангид амиа алдсан. Иргэн төрийн хамгаалалтад байхдаа эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан талаар тухайн үед дуулиан болж УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдаж байсан билээ. Талийгаачийн ар гэрийнхэн хуулийн болон хүний эрхийг хамгаалах байгууллагуудад хандсан ч өнөөг хүртэл хэрэг шийдэгдээгүй байгаа. Өндөр албан тушаал хашиж байсан хүн нас барсан гэдэг утгаараа энэ хэрэг олны анхааралд байсан. Тэгвэл хорих ангид ялтан амиа алдах тохиолдол багагүй гардаг аж. ШШГЕГ-аас Хүний эрхийн дэд хороонд өнгөрсөн оны тавдугаар сард мэдээлснээр 2014 онд таван хүн хорих ангид амиа алдсан гэдэг. Тодруулбал, 445 дугаар ангид иргэн Б зүрхний шигдээсээр нас баржээ. Мөн Булган аймаг дахь 451 дүгээр хорих ангид ял эдэлж байсан С мөн л зүрхний шигдээсээр амиа алдсан аж. Малайзын иргэн 427 дугаар ангид бөөрний дутагдлаар нас барсан гэдэг мэдээллийг ШШГЕГ-аас тухайн үед мэдээлж байсан. Түүнээс хойш хичнээн хүн хорих ангид амиа алдсан талаарх нэгдсэн мэдээлэл алга.
Ц.ӨРНӨХ