Categories
мэдээ улс-төр

М.ЗОРИГТ: АСЕМ-ын үеэр хоёр хоног “Буянт-Ухаа”-аас дотоодын нислэгийг нисгэхгүй

“Сайдын цаг” уулзалтад Зам тээврийн сайд М.Зоригт оролцлоо. Тэрээр зам тээврийн салбарт хийсэн бодлого шийдвэрийн талаар танилцуулсан юм.

Хөшгийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт 75.1 хувийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөнөөс 6.3 хувийн хурдацтай явж байна. Ирэх оны нэгдүгээр сард багтаан барилгын ажлыг дуусгаж, тавдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэлээ.

Ингэснээр Ховдод Боинг-оор очсон зорчигчдыг “Фоккер-50“ онгоцоор Баян-Өлгий, Завхан зэрэг зэргэлдээх аймгуудад хүргэснээр баруун аймгуудын нислэгийн тийзийн үнэ 40 хүртэл хувиар хямдарч, үйлчилгээний чанар дээшлэх давуу талтай юм. Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлын хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далангийн барилгын ажлыг дуусгаж наадмаас өмнө ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг мөн хэллээ.

Харин төмөр замын салбарт Төмөртэй-Хандгайт чиглэлийн 33.4 км төмөр замыг суурь бүтэц, бусад барилга байгууламжийн хамт Монголчууд өөрсдөө барьж, анхны ачаа тээврийн эхлүүлсэн гэдгийг дуулгав. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ хавар эхлүүлнэ гэлээ.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван улсыг дамнасан автозамын дамжин өнгөрөх тээвэрлэлт хийх хэлэлцээрийн төслийг талууд эцэслэн тохиролцжээ. Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд парк шинэчлэлт хийж, зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн тээврийн жолооч нарыг тээвэрт гарахаас нь өмнө эмчийн үзлэгт хамруулахаар бэлтгэж байна гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийснийхээ сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?

-Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын хэлэлцээр амжилттай явж байгаа. Засгийн газар зураг төслийг тогтоосон. Санхүүжилтийн хувьд асуудалгүй. Хамгийн гол нь БНХАУ-тай огтлолцлын цэгээ тогтох, ТЭЗҮ-г нарийвчилж боловсруулах ажлууд байна.

-АСЕМ-ын үеэр зочдод үйлчлэх машин бэлэн болсон уу?

-Үнэ тарифтай холбоотой хэл ам гарсан. Гэтэл 4,5-хан төрийн тэргүүнд зориулсан аюулгүй байдлыг сахин хамгаалах, сум нэвтрэхгүй машин авсан. Дээр нь цагдаагийн байгууллагад 50 приус машин аваад байна. Өндөр түвшний зочдод төрийн үйлчилгээний унаа тэргээр үйлчилнэ. Мөн манай зарим залуучууд өөрсдийн машинаа үйлчилгээнд явуулах санал гаргасан. Тиймээс монголчууд АСЕМ-ыг зохион байгуулахдаа үр дүнгүй зардал гаргахгүй байгаа шүү.

-Хөшгийн хөндийг ашиглах боломжгүй байгаа юу?

-Анхнаасаа ашиглах төлөвлөгөөгүй байсан. Тиймээс Буянт-Ухаа онгоцны буудалд бууж суух замыг чангатгах онгоцны зогсоолыг ргөтгөх гээд маш олон ажил эхэлсэн. Одоогоор хугацаандаа амжиж дуусаад байна. Хоёрдугаарт, АСЕМ-тай холбогдуулж хоёр хоног дотоодын нислэгийг Буянт-Ухаа онгоцны буудлаас нисгэхгүй. Харин Налайх дүүргийн цаана байрлах Цэргийн онгоцны буудал дээрээс нисгэж буулгахаар төлөвлөсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *