Categories
мэдээ цаг-үе

М.Золбаяр: Хүүхэд болгоныг код бичих тодорхой түвшний чадвартай, цэгцтэй сэтгэдэг болговол Монголын ирээдүйд хэрэгтэй

“Codercub” хүүхдэд зориулсан Монголын анхны кодинг сургалтыг үүсгэн байгуулагч М.Золбаяртай ярилцлаа.


-Код бичнэ гэж юу вэ?

-Компьютер нь техник хангамж буюу гарт баригдах биет хэсэг, програм хангамж буюу биегүй, виртуал хэсгээс бүрддэг. Компьютерийн техникийг ашиглах боломжийг программ нь олгодог. Өөрөөр хэлбэл, бидний эргэн тойронд буй техникүүдийг программ хангамж нь удирдаж байдаг. Тэрхүү программ хангамжийг бүтээхэд программчлалын хэлээр компьютерт зааварчилгаа өгөх буюу код бичдэг.

-Код бичиж сурахад хэр хугацаа шаарддаг вэ?

-Энэ бол харьцангуй ойлголт. Хүн бүрийн сурах арга барил ялгаатай, мөн ямар түвшинд эзэмшихээс хамаараад урт, богино хугацаа шаардагдана. Долоо хоног эрчимтэй суралцахад анхан шатны мэдэгдэхүүнтэй, суурьтай болох боломж бий.

-Мөн код бичиж сурахад ямар ямар хэрэгсэл шаардагдах вэ. Өндөр хүчин чадалтай, тусгай зориулалтын компьютер хэрэгтэй юу?

-Сургалтын хувьд бол хэвийн ажиллагаатай компьютер байхад хангалттай байдаг, өндөр хүчин чадал шаардагдахгүй.

-Сүүлийн үед манайд хүүхэд, залуус код бичих сонирхолтой болж, энэ чиглэлийн сургалтууд нээгдэх боллоо?

-Биднийг анх эхэлж байхад миний мэдэхийн хүүхдэд чиглэсэн компьютер программчлалын сургалт гэж лав байгаагүй. Тиймдээ бид Монголдоо анхдагч гэдэг нэрийг аваад явж байгаа. Манайх үйл ажиллагаагаа эхлээд нэг жил хагас болж байна. Энэ хугацаанд харин ижил төстэй олон байгууллагууд гарч ирсэн. Чанар, агуулга, зорилгын хувьд харилцан адилгүй байх. Гэхдээ энэ бол томоохон эерэг өөрчлөлт. Мөн хүүхдүүд маань ч код бичих ач холбогдолыг өөрсдөө ойлгодог болсон байна.

-Хүүхэд код бичиж сурснаар цэгцтэй логиктой сэтгэх, ямар ч асуудлыг задалж, үе шаттайгаар шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээтэй болдог гэж сонслоо. Код бичиж сурснаар хүнд ямар эерэг өөрчлөлт гардаг вэ?

-XXI зууны бичиг үсэгт тайлагдсан байдлыг код гэж дэлхий нийтээр үзэх боллоо. Үүнийг digital literacy гэж томьёолоод байгаа. Технологийг зөвхөн хэрэглэх биш, тухайн технологи хэрхэн ажилладаг талаар ойлголттой байх нь бүх салбарт өрсөлдөх чадварыг эрс нэмэгдүүлнэ. Ирээдүйн хуульч, эмч, улстөрч бүгд алгоритм гэж юу вэ гэдгийг мэддэг, интернэт яаж ажилладаг талаар ойлголттой байх шаардлага тулгарна. Тиймээс компьютерийн шинжлэх ухааныг хими, физик, алгебрьтай адилтгаж, хүүхдэд багаас нь заах нь чухал гэдгийг хөгжингүй орнууд анхаарч хэрэгжүүлж байна. Австрали улс л гэхэд программчлалын хичээлийг бага, дунд сургуульд заавал үзэх хичээлүүдэд багтаагаад өгчихлөө. Монголд энэ тал дээр хоцрогдолтой байгаа. Код бичиж сурснаар хүүхэд computational thinking буюу цэгцтэй логиктой сэтгэх, prob­lem solving буюу томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, creativity буюу бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд тухайн хүүхдийн тархинаас гарч байгаа шийдэл нь алгоритм болох ба тэрхүү шийдлээ компьютер дээр код болгон бичиж үлдээнэ. Энэ бол гайхамшигтай үйл явц. Тэднийг өөр өөр инженерийн шийдэл гаргаж асуудлыг шийдвэрлэхийг харах урамтай байдаг.

-Зарим эцэг эхчүүд код бичиж сурахыг хакертай андуурах, тийм хууль бус үйл ажиллагаатай төстэй мэтээр ойлгодог л доо. Та үүнд мэргэжлийн хүний хувьд тайлбар хэлнэ үү?

-Хакерын түвшиний технологийн мэдлэгтэй болоход олон жилийн нөр их хөдөлмөр, эсвэл гоц авьяас шаардагдана. Бидний нийгэмд түгээж байгаа мэдлэг бол foundational skill буюу суурь мэдлэг юм. Хүүхэд болгоныг код бичиж тодорхой түвшний чадвартай, цэгцтэй сэтгэдэг иргэд болговол Монголын ирээдүйд хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хувьд зарим нэг нь өөрсдөө муугүй ойлголттой байхад зарим нь ямар ч ойлголтгүй, хүүхдүүд нь харин код бичиж сурахын чухлыг ойлгочихсон, аав ээжийгээ дагуулаад ирэх тохиолдол их.

Мөн хүүхэд нь тоглоом тоглох нь ихсээд байна гэсэн эцэг эхчүүд манайд их ханддаг. Бидний зорилго бол хүүхдүүдийн технологид дуртай байгаа хүслийг бүтээлч тал руу нь чиглүүлж тоглоом тоглох биш, харин тэр тоглоомыг хэрхэн яаж бүтээх вэ гэдгийг зааж өгөхөд оршиж байгаа.

Монгол хүүхдүүдийн хувьд үнэхээр янз бүрийн түвшинд байдаг. Тавдугаар ангийн хүүхэд арваннэгдүгээр ангийн хүүхдээс илүү сэтгэх нь хэвийн үзэгдэл. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ оюуны хөгжил ямар түвшинд байгааг огт гадарлахгүй байх нь элбэг тохиолдоно.

-Танай “Codercub” сургалтын төв 10-18 насны хүүхдүүдэд зориулж кодинг дугуйлан хичээллүүлдэг юм байна. Сургалтын төв болоод сургалтынхаа тухай танилцуулахгүй юу?

-Миний бие Энэтхэг улсын Пунэгийн их сургуулийг мэдээллийн технологийн бакалавр инженерээр төгсөн, АНУ-ын Миззуригийн их сургуульд компьютерийн шинжлэх ухааны магистрт Фулбрайтын тэтгэлгээр суралцаж дүүргэсэн. Дэлхийн томоохон их сургуулиудыг тэтгэлгээр сурч төгссөний хувьд эх орондоо, тэр тусмаа хүүхэд залууст чиглэсэн томоохон зүйл хийхийг хүссэн тул боловсролын салбар руу орж ажиллах болсон юм. Ингээд 2018 оны тавдугаар сараас манай сургалт үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд монгол хүүхдүүддээ компьютерийн шинжлэх ухаан, ерөнхий программчлал, вэб программчлал зааж байна. Манай баг дөрвөн гишүүнтэй, хоёр нь АНУ-д, хоёр нь Монголд байна. АНУ-д байгаа гишүүдийг танилцуулбал Дейл Массэр, Миззуригийн их сургуулийн профессор, манай сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг бөгөөд мөн багшилдаг. IBM компанийн инженер Баасандорж ах маань манай зөвлөх гишүүн, тэнд шинээр гарсан технологи болон ном сурах бичгийн зөвлөгөө мэдээллээр хангадаг. Энд байгаа хоёр нь Ихзаяа гэж бас Энэтхэг, АНУ-д сурч төгссөн инженер залуу бид хоёр. Манай онцлог гэвэл бид өөрсдөө сургалтаа явуулдаг, сургалтын чанарыг голлож байгаа учир дотоодоос багш авдаггүй. Ер нь энэ тал дээр сайн бэлтгэгдсэн багшлах боловсон хүчин Монголд нэн хомс байгаа. Энэ нь нөгөө л Монгол Улсын боловсролын систем гэсэн сэдвийн дор яригдах асуудал.

Манай нэрний тухайд бол Coder­cub гэдгийг шууд орчуулбал “Кодчин бамбар” болох юм. Миний төгссөн Миззуригийн их сургуулийн бэлгэдэл нь бар байдаг. Тэндээс улбаалж гарсан бүтээгдэхүүн гэдгээрээ барын бамбарыг бэлгэ тэмдэг болгосон юм. Нөгөө талаас харвал хүүхдийг бамбартай зүйрлэж болно. Мөн бид компьютерийн шинжлэх ухааныг дэлхийд нийтэд түгээх зорилготой манлайлагч байгууллага болох Code.org-ын Монгол дахь түншээр ажиллаж байгаа. Үүнийхээ хүрээнд нийгэмд чиглэсэн томоохон арга хэмжээнүүдийг хийхээр зэхэж байна. Мөн бид Улаанбаатар инновацийн төвтэй хамтарч ажилладаг.

Д.САРУУЛ

Г.ЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *