Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар Хөх хотын Гран при-гээс хүрэл медаль хүртжээ

ЗурагБНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй Гран при тэмцээний эхний өдөр /2018.05.25/ манай 2 жүдоч хүрэл медаль хүртсэн байна.

Хөх хотын Гран при тэмцээнд 49 орны 399 бөх зодоглож байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 28 жүдоч хүч, ур чадвараа сорих юм. Эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг БНАСАУ, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, ОХУ-ын жүдоч Г.Сабинад торгуулиар ялагдсан ч медалийн төлөө Бразилын бөх Ч.Габриалаг ялж хүрэл медаль хүртжээ.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, Нидерланд болон ОХУ-ын 2 жүдочийг тус тус ялж, Казахстаны жүдоч К.Гусманд ялагдаж хүрэл медалийн эзэн болжээ. Энэ жинд дэлхийн аварга Г.Болдбаатар YII байр эзэлжээ.

Хөх хотын Гран при тэмцээнд түрүүлсэн бөх 3000 ам.доллар, мөнгөн медаль 2000, хүрэл медаль 1000 ам.долларын мөнгөн шагналтай. Өнөөдөр эрэгтэй 73, 81кг, эмэгтэй 63, 70 кг жингийн барилдаан болно. Тэмцээний сүүлийн өдөр буюу ням гарагт хүнд жингийн барилдаанууд болж, Гран при тэмцээн өндөрлөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *