Categories
мэдээ цаг-үе

М.Тулгын ээж М.Эрхэмхүү: Б.Болдсайхан эмчид миний өвчтэй хүү мөнгө л болж харагдсан

Нүүрс хөтөлбөр”-ийн гэх хэргээр АТГ-т шалгагдаж байгаа М.Тулгын ээж М.Эрхэмхүүтэй ярилцлаа. М.Тулга өнгөрсөн долдугаар сарын 29-нөөс хойш цагдан хоригдож байгаа билээ. Ярилцаад сууж байхад М.Эрхэмхүү гуай уйлсаар байсан юм.

Хүүгийн тань бие гайгүй юу. Цагдан хорих хугацааг нь дахиад сунгачихжээ?

-Прокурор нь цагдан хорих хүсэлт гаргасны дагуу өчигдөр (уржигдар) шүүх хурал болоод цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгачихжээ. Хүүгээ хоригдсоноос хойш өргөдөл хүлээж авах болов уу гэсэн хүн бүрт хүсэлт гаргаж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар миний хүсэлтийг хүлээн авч өнөөдөр хүүтэй минь уулзлаа. С.Ганбаатар гишүүнтэй хамт хүүтэйгээ уулзахаар очоод нүд халтирлаа. Суумгай, дээр нь турж эцээд нүд нь хонхойчихож. Өнгөрсөн баасан гаригаас өлсгөлөн зарласан гэнэ. Бие нь муу байгаа дээр өлсгөлөн зарлахаар муу хүү минь тэсэх юм уу.

Хүүгээ өлсгөлөн зарлах гэж байсныг нь мэдээгүй юм уу?

-Өлсгөлөн зарлах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт хорихын эмч нарт өгөхөд “Бие муутай учраас өлсч болохгүй” гэсэн гэнэ. Гэсэн ч хүүд минь өлсгөлөн зарлаж, өөрийнхөө төлөө тэмцэхээс өөр арга үлдээгүй. Арга ядахдаа хүүдээ “Миний хүү өлсгөлөн зарлаад муудсан биеэ эргээд тэнхрүүлж чадахгүй шүү дээ. Бид мөнгөтэй бол гадагшаа яваад эмчилгээ хийлгэнэ. Гэтэл бидэнд тийм боломж байхгүй. Ээжийгээ, ханиа бодоод өлсгөлөнгөө боль” гэж уйлаад гуйлаа. Би хоёрхон хүүтэй. Нэгийг нь шоронд тахир дутуу болгочихвол яах билээ гэж бодохоор л хэлэх үг олдохгүй юм. Хүн бүр үр хүүхдээ эрдэнэтэй зүйрлэдэг. Надад хоёрхон эрдэнэ бий. Нэг нь шоронд ийм байдалтай байхаар наашаа гэсэн бүхэнд л зовлонгоо тоочоод гүйхээс аргагүй байна. Өглөө босоод л “Хаашаа явах уу”, “Хаана очиж хэнд өргөдөл өгөх үү” гэж бодно, орой хариад л бал цаас бариад сууна. Надад өөр чадах зүйл алга.

М.Тулга нурууны хууч өвчтэй гэж сонссон. Хэзээнээс нуруу нь өвдөж эхэлсэн юм бэ?

-Нурууных нь дөрөв, тавдугаар үе нь дискний мултралтай. Диск нь цүлхийж гараад зүүн талынхаа мэдрэлийн судсыг нь дардаг учраас үе үе хөл нь мэдээ алдчихдаг. Шоронд ороод гэнэт хөл нь мэдээгүй болчихсон юм биш. 2010 оноос хойш өвдөж байгаа. Гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж байлаа. Тэнд үзүүлэхэд мэс засал хийлгэ гэхээр хүү минь айсан юм билээ. Боломжтой болоод гадагшаа явж мэс засал хийлгэе гэж төлөвлөж байсан. Ингээд шоронд орчихно гэж яаж төсөөлөх билээ.2010 онд “Сонгдо” эмнэлэгт ч зураг авахуулж байсан. Хөл нь мэдээ алдчихаад Хойд Солонгосын эмч дээр очиж зүү тавиулж, төөнүүр хийлгэдэг болсон. Дөрвөн жил ийм байдалтай явсан. Шоронд байхад хянагч нь хойноос нь өшиглөснөөс болоод тэр өвчин нь сэдэрчихсэн. Өвдөж эхэлснээс хойш 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хоёр ч удаа хэвтсэн. Өвдөөд эхлэхээр яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол хөл нь мэдээ алдчихдаг учраас эмчлүүлэх хүсэлт маш олон удаа гаргасан. Тэр бүрт “Танай хүүхэд жүжиглэж байна” гээд тоодоггүй байсан. Өвчин нь даамжирсаар есдүгээр сарын 30-наас хөл нь мэдээ алдаж эхэлсэн.

Тэгээд “Сонгдо”-д шилжүүлсэн юм уу. Тэнд эмчлүүлэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан уу?

-АТГ өөрөө “Сонгдо”-г сонгосон. Аравдугаар сарын 6-нд байцаагч нь над руу яриад “Хүүхдийг чинь эмчилгээнд хамруулахаар боллоо. “Сонгдо”-д шилжүүлэх гэж байна” гэсэн. Эмнэлгийн бараа харуулах гэж байна гэхээр эх хүний хувьд үнэхээр баярласан. Тэгээд ч “Сонгдо”-г нэртэй эмнэлэг гэж төсөөлдөг байсан. Тэгтэл нуруу, нугасны мэргэжлийн эмчтэй эмнэлэг нь “Гранд мед” болж таарсан. Тийм учраас “Гранд мед”-д үзүүлье гэтэл АТГ-аас хүлээж аваагүй. Ямар ч байсан шоронгоос эмнэлэгт гаргах гэж байна гэж баярлаад “За тэгвэл Сонгдо-д очъё” гээд л хүүгээ үүрээд тийшээ явсан. Очтол Б.Болдсайхан эмч үзлэг хийхээр болсон. “Б.Болдсайхан зүрх судасны эмч шүү дээ, мэргэжлийн эмчид үзүүлье” гэтэл мөрдөн байцаагч өрөөнөөс хөөгөөд гаргачихсан. Ингээд хүү минь, мөрдөн байцаагч, Б.Болдсайхан эмч гурав өрөөнд үлдсэн. Шинжилгээ хийснийхээ дараа Б.Болдсайхан эмч “Эмнэлэгт яаралтай хэвтэж эмчлүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан.

Тэр дүгнэлтийн дагуу “Сонгдо”-д хэвтүүлсэн үү. Ямар эмчилгээ хийсэн бол?

-Ийм бичиг хийж өгсний дараа хэд хонож байж хэвтүүлэхээр болсон. Эмнэлэгт хэвтэж байхад нь хүүгийнхээ бие ямар байгаа, ямар эмчилгээ хийлгэж байгааг асуухад хувь хүний нууц гээд хэлж өгдөггүй. Эмнэлгээс гарахын өмнө өмгөөлөгчөөр нь дамжуулж байж өвчтөний түүхийг харсан. Гэтэл өвчин намдаах, булчин суллах тариа, хордлого тайлах дусал төдий л эмчилгээ хийсэн байсан. Хөдөлгөөнгүй хэвтэрт байх өвчтэй хүнд дасгал хийлгэх эмчилгээ бичээд өгчихсөн. Мултарч гарсан диск нь байнга өвдөлт өгч байгаа. Хөдлөх тутам өвчин нь ихэсч, хөл нь мэдээ алддаг. Гэтэл Б.Болдсайхан эмч дарамтлаад төмөр тулуулаад явуулаад байдаг байсан.

Өвчтөнөө юу гэж дарамталсан юм бол?

-“Зүгээр байгааг чинь мэдэж байгаа шүү. Бос. Битгий эмнэлгийн нэр хүнд гутаагаад бай” гэж өдөр болгон дарамталдаг байсныг хүү минь хэлсэн. Тэр бүү хэл орж ирэх бүртээ п… гэсэн хараалаа хэлээд л загнадаг байсан байна. Дасгал хийхээр өвдөөд босч чадахгүй. Дасгал хийхгүй бол тэр шорон руугаа яв гэж загнадаг байсан гэсэн. “Шоронд хоригдож байгаа юм чинь би яаж ч хандсан яадаг юм” гээд л дарамталж байсан байх. Б.Болдсайхан эмч яаж дарамталж байсныг батлах баримт бидэнд байхгүй болохоор хаана, яаж хандах билээ. Зөвшөөрлийн дагуу нэг удаа эргэлтээр ороход хүү минь “Өдөр болгон дарамтлаад. Өвчин улам хүндрээд байна. Эндээс гаръя” гэж надаас гуйсан. Хүүгээ ингэж хэлэхээр би өөрөө Б.Болдсайхан эмчтэй уулзлаа.

Та уулзахаар Б.Болдсайхан эмч юу гэх юм бэ?

-Дарамтлаад байна гэхээр нь би Б.Болдсайхан эмчтэй уулзахад “Танай хүүхдийг хэд хоног амраад аваг, хоолой нь идээлчихсэн байна хоолойг нь эмчилье гэж бодоод аваад ирсэн. Түүнээс нуруу нь зүгээр байгаа. Нурууных нь диск мултарсан хэсгээр нугас явдаггүй учраас мэдээ алдах ёсгүй. Хадаас хатгасан ч зүгээр” гэсэн. Бас насыг нь харчихаад “Ийм нусан жулдрай Ерөнхий сайдын туслах хийнэ гэж юу байдаг юм” гэлээ. Эцэг хүний хувьд хүүг минь бага, залуу байна гэдэг утгаар хэлж байна даа гээд тоогоогүй. Хүн гуйж байгаа хүн юм чинь тэгж хэлснийг нь ч тоолгүй, хууч өвчтэй юм, цагдан хорих хугацааг нь сунгуулахгүйгээр сайн эмчлээд өгөөрэй гэж гуйгаад л байсан. Тэгтэл намайг тэгж гуйхаас өмнө мөрдөн байцаагчид “Энэ хүн зүгээр” гэдэг тодорхойлолт бичээд өгчихсөн байгаа юм. Шүүх Б.Болдсайхан эмчийн тодорхойлолтыг үндэслээд л цагдан хорих хугацааг сунгах шийдвэр гаргачихсан. Шүүх шийдвэрээ гаргасны дараа бэртэйгээ хамт дахиад Б.Болдсайхан эмчтэй уулзсан. Тэр хүн нөгөө л “Хадаас хатгасан ч зүгээр” гэдгээ тайлбарласан. Бэр маань “2010 оноос хойш бид эмчилгээ хийлгэж байгаа. Өвчнийг нь мэдэж байхад та худлаа яриад байна шүү дээ” гэхэд “Зүгээр байсан юмыг авчраад хэд хоног хэвтүүлчихье гэсэн гай боллоо. Гай болохыг нь мэдэж байсан юм” гээд уурлаж эхэлсэн. Хүн гуйж орсон бид маргаад хаана хүрэх билээ. “Миний хүү эмнэлэгт хэвтээд засарсангүй. Эргээд суумгай явлаа. 461 дүгээр ангид очоод дахиад өвдвөл яах билээ” гэтэл “Би яаж мэдэх юм. Би бөө биш. Эмээ уугаад л хэвтэж байна биз” гэсэн. Тангараг өргөсөн эмч хүн, дээр нь хүн эмчилнэ гэж мөнгө авчихаад ингэж хандсанд үнэхээр гомдолтой байгаа.

-“Сонгдо”-д хэвтээд биеийн байдал нь сайжирсан уу?

-Хоолойных нь идээ л гайгүй болсон. Өөр ямар ч өөрчлөлт гараагүй. Үүрүүлж ирээд л үүрүүлээд шорон руу явсан. “Сонгдо”-д хэвтүүлнэ гэхэд бид хөл дээр нь босгох нь л гэж найдсан. Гэтэл хорихын эмнэлэгт хэвтсэн, өндөр төлбөртэй Сонгдо-д эмчилсэн ямар ч өөрчлөлт гараагүй. Хэрвээ миний хүүгийн бие зүгээр байсан бол Б.Болдсайхан эмч АТГ-ынханд “Та нарт гай болно шүү. Эмнэлэгт хэвтүүл” гэж яах гэж өөрийнхөө эмнэлэгт авчруулсан юм бэ. Анхнаасаа жүжиглээд байна гэхгүй яасан юм бэ. Эмнэлэгтээ эмчилнэ гэж авчирчихаад яах гэж дарамтлаад байсан юм бэ. Хөл дээр нь босгож чадахгүй болохоор бухимдаад байсан нь тэр.

Хэд хоног хэвтээд, хэдий хэмжээний төлбөр төлсөн юм бэ?

-Арав хоногийн төлбөр гэж гурван сая 100 мянган төгрөг нэхсэн. Үүнийг сонсоод үнэндээ л ухаан алдах шахсан. Хоолойны идээгээ эмчлүүлэх гэж хэвтээд ийм төлбөр төлөх үү. Ухаан алдах гэж байсан ч хүний мэдэлд, шоронд байгаа хүүгийн минь байдал дордох вий гээд юу ч хэлээгүй. Дахиад гурав хоногийн төлбөр 900 гаруй мянган төгрөг болсон. Шинжилгээний мөнгө 800 гаруй мянган төгрөг болсон. Ингээд нийтдээ таван сая төгрөг болчихсон. Хүү минь “”Дарамтлаад байна. Гаръя” гэхээр нь прокурорт нь мэдэгдээд тэр хүн нь бичиг цаас хийх гэсээр байтал дахиад гурав хоночихсон.Эмчилгээ хийхгүй гурав хоног тэнд хорьсны төлбөр 300 гаруй мянган төгрөгийг одоо ч нэхсээр байгаа. Таван сая төгрөг авчихаад одоо дахиад 300 гаруй мянган төгрөг нэхэж байна. Шинжилгээний мөнгийг нь хасаад дөрвөн сая төгрөгөөр 13 хоног хэвтүүлсэн байна лээ. Тэр мөнгөөр “Гранд мед” эмнэлэгт мэс засалд орчих боломжтой байсан. Тэгсэн бол хүү минь хөл дээрээ босчихсон байх байсан гэж харамсах юм. Б.Болдсайхан эмчид миний өвчтэй хүү ерөөсөө л мөнгө болж харагдсан. Хэрвээ хүүг минь мөнгө болгож хараагүй бол, таван сая төгрөг авч арав гаруй хоног дарамтлаагүй бол, эмч хүн шиг хандсан бол өдийд үүрүүлчихсэн өвчиндөө шаналсан царайтай ээжтэйгээ уулзахгүй байсан гэж бодохоор л гомдоод байх юм. “Сонгдо”-д авсан зургийг гадагшаа эмнэлгүүд рүү явуулахад бүгд “Яаралтай мэс засал хийлгэ” гэсэн хариу ирүүлдэг. Гэтэл Б.Болдсайхан эмч “Зүгээр. Баашилж байна” гэснээс болж хөл дээрээ явж чадахгүй байгаа хүүг минь хорих хугацааг сунгасаар байна.Хүн баашиллаа гэхэд дөрвөн сар баашлах уу.

Өөр эмнэлгийн эмч нарт хүсэлт тавиад үзүүлэх боломж байхгүй юу?

-Бид өдөр бүр хүсэлт тавьж байгаа. Хүүгээ “Сонгдо”-д хэвтэж байхад “Гранд мед” эмнэлгийн эмч нартай уулзахад зургийг нь хараад “Дурангийн хагалгаа хийлгэх хэрэгтэй. Гэхдээ өвчтөнөө үзэж байж дүгнэлт гаргана” гэж байсан. Б.Болдсайхан эмч зүгээр гэж хэлсний дараа би Эрүүл мэндийн яаманд хандлаа. Эрүүл мэндийн яам Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн юм билээ. Мэргэжлийн хяналтынхан газрынхан “Гранд мед” эмнэлэгт очиход Б.Болдсайхан эмчийг өмөөрөөд “Мэс засал хийлгэх шаардлагагүй” гэсэн байна лээ. Салбарынхан нь эмчийгээ өмөөрдөг юм байна. Гуравдугаар эмнэлгийнхэн ч ийм байдлаар хандсан. Одоо бид үнэндээ хаана хэнд хандахаа мэдэхгүй байна. Монголд миний хүүг хүлээж авах эмнэлэг алга. Гомдол, зарга хийгээд явъя гэхээр хүүгийн минь эрхзүйн байдал улам дордчих вий гэж айх юм. Эмчилгээ хийдэг байсан Хойд Солонгосын эмч нь хүртэл “Визний асуудалтай. Шоронд очиж болохгүй” гээд халгаахгүй байна. Бид баян тарган, нэр хүндтэй бол хүүхдээ гаргаад авчихсан байх байж гэж хүртэл бодох юм. Би Солонгост Тулгынхаа дүүг дагуулж очоод олон жил ажил хийсэн. Тэнд байсан хүмүүс хүртэл “Хүүхдээ дагуулсан ээж” гэж ярьдаг байсан. Гурав, дөрвөн жил ингэж ажиллаж ирээд энд нарийн боовны цех нээгээд хүнээс гуйхгүй амьдарсан. Гадаадад ажиллаж байхад Тулга минь энд ганцаараа сургуульд сурдаг байлаа.

Сургуулиа төгсөөд л Н.Алтанхуяг гишүүний туслахаар ажиллаж эхэлсэн үү?

-Төгсөөд банкинд нэг жил ажиллаад Н.Алтанхуяг гишүүний туслахаар ажиллах болсон. Нүүрс хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхэд судалгааг нь хийж байсан юм билээ. Үнэндээ хүү минь ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Л.Гансүх зөвлөхтэй уулзахад “Тулга, Төмөрбаатар (Н.Алтанхуягийн туслах) хоёрт ямар ч хамаагүй асуудал. Бид гэмт хэрэг хийсэн биш. Улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байна” гэсэн. Ингээд ярихаар олон хүн “Арван хэдэн тэрбум төгрөг идчихээд энэ авгай ингэж ярьж байна” гээд зүхэж эхэлнэ. Ээж хүний хувьд би өөр яах билээ. Над шиг шаналж байгаа, цаашид шаналах олон ээж байна энэ ороо бусгаа нийгэмд. Ерөнхийлөгч “Хүнийг гэм буруутай нь нотлогдоогүй байхад хорьж цагдаж байгаа нь гэмт хэрэг” гэж ярилцлагадаа хэлснийг нь онцолмоор байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *